Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Анх-Эрдэнэ “Мөнхийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Д.Мөнхбаярын шавь. Багшийнхаа удирдлагад спортын замналаа эхлүүлж, чөлөөт бөхөд амжилт гаргаж байгаа залуу тамирчдын нэг. Тэрбээр 2017 онд Бүх Японы АШТ-д хүч сорьсон Монголын өсвөрийн тамирчдаас хүрэл медальтай ирсэн гурван бөхийн нэг байв. Үүнээс хоёр жилийн дараа Тайванийн Тайчунь хотод болсон 15 хүртэлх насныхны Азийн АШТ-д өрсөлдөж, сонгомол бөхийн төрөлд Казахстан, Энэтхэгийн бөхөд ялагдсан ч Тайланд, эзэн орны бөхийг буулгаж авснаар хүрэл медаль хүртсэн юм. Энэ жил 17 хүртэлх насныхны улсын аваргад зодоглож, түрүүлсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Киргизийн Бишкек хотод болсон Азийн аваргад та анх удаа оролцлоо. Тэнд хэрхэн зодоглосон бэ?
-Тус хотод зохион байгуулсан Азийн АШТ-д анх удаа оролцож үеийнхээ тамирчдаас туршлага чамгүй хуримтлууллаа. Монголд болсон 17 хүртэлх насныхны чөлөөт бөхийн УАШТ-д өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр Азийн аваргад өрсөлдөх эрх авсан юм.
-Налайх дүүрэг дэх “Мөнхийн хүчтэн” дэвжээнд Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай багш, шавийн барилдлага хэзээ тогтоов?
-Манай дүүрэгт 2015 онд чөлөөт бөхийн тэмцээн болоход үеийнхэнтэйгээ сонирхож үзсэн юм. Түүнээс хойш Д.Мөнхбаяр багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэхийг хүсдэг боллоо. Түүнтэй уулзахаас өмнө аав намайг жүдогоор хичээллүүлэх сонирхолтой байв. Энэ спортод хөл тавихын тулд гэр бүлийнхэнтэйгээ багагүй зөрчилдсөн. Нэг өдөр багштай уулзахаар очиход аав “Чи бөхөөр хичээллэх гэж байгаа бол тууштай байж, амжилт гаргана шүү” гэсэн. Багш “Хүү тань хичээллэхээр тэмүүлж ирлээ. Тууштай байвал бүх зүйл аяндаа болдог юм. Дэвжээнд үе тэнгийнх нь олон хүүхэд бэлтгэл хийж байна” гэв. Хэдэн сар бэлтгэл хийж, өмнөд хөршид болсон өсвөр үеийнхний олон улсын тэмцээнээс алтан медальтай ирж, багшийгаа баярлуулсан. Түүнээс хойш медалийн буухиа тасраагүй.
-Азийн АШТ-д оролцоход багшаас тань гадна хэн ойр байж зөвлөсөн бол?
-Азийн аварга М.Дөлгөөн эгч. Багш, эгч хоёрынхоо ачаар олон тэмцээнд амжилт гаргалаа. Би багшийнхаа удирдлагад хичээллээд долоон жил болж байна. Тэрбээр туршлагатай дасгалжуулагч. Түүний шавь нараас залуучуудын олимп, Азийн АШТ-д түрүүлсэн тамирчин бий. Налайх дүүргийн чөлөөт бөхийн тамирчдын амжилтыг түүний хичээл зүтгэлгүйгээр төсөөлшгүй. Би бэлтгэлээ таслах дургүй. Манайхан аялж зугаалахаар явахад бэлтгэл хийнэ гээд үлддэг. Хааяа нойрондоо дийлдэж, бэлтгэлээс хоцроход эгч нар “Дүү минь бүх зүйлд үүрэг, хариуцлага бий. Өглөө эрт босож бай. Багаасаа оройтож босвол зорилготой байсан ч мөрөөдөл чинь биелэхгүй” гэдэг юм. Нэг өдрийн бэлтгэл таслахад олон зүйлээс хоцорсон мэт санагддаг. Тамирчин хүн алдсан бэлтгэлээ хэзээ ч нөхөж чаддаггүй. Тиймээс өөрийгөө шаргуу дайчилж ирсэн. Намайг амжилт гаргах үеэс аав, ээж ойлгож “Хүүгээ бүх талаар нь дэмжиж, гадаад, дотоодын тэмцээнд оролцуулна” гэдэг болсон.
-УАШТ-д аваргын төлөө барилдахын өмнө багш нь шавьдаа юу гэж зөвлөснийг сонирхмоор байна.
-Багш, М.Дөлгөөн эгч хоёр “Өрсөлдөгч тань Орхон аймгийнх. Чи өмсөх мэхтэй. Чамайг өмсвөл дарж магадгүй. Гарыг нь таллаж аваад шахаж барилд” гэлээ. Тэдний зөвлөснөөр барилдаж аварга болсон. Өнгөрсөн жилийн тэмцээнд “Учраа бөхийнхөө араар нь дайрч барилд. Тэрбээр давхар хамахад амархан ялагдах бөх байна” гэж хэлсэн. Би ч дайрч ард нь гараад л хожсон. Өрсөлдөгчдийг минь судалсан багшийн судалгаа гайхалтай зөв байдаг. Миний дархан мэх тойрч хөл шагайгаар нь авах, өмсөх, давхар хамах. Сүүлийн үед суулт тонгороо, золгож барилдах бэлтгэл хийж байна.
-Амжилтын тань төлөө шаардлага тавьдаг багш, эгч нартаа гомддоггүй биз дээ?
-Үгүй ээ, харин ч зөв шаардлага тавьж, зөвлөдөгт нь талархдаг. Намайг нэг удаа бэлтгэлээс хоцроход багш мартахааргүй зэмлэлээ. Түүнээс хойш хоцрохоо больсон. Тэр үед УАШТ болох дөхсөн байв. Намайг түрүүлэхэд багш, туслах дасгалжуулагч, мөн дэвжээнд хамт бэлтгэл хийдэг тамирчид минь их баярласан. Аварга болоход аав догдолж “Миний хүү хүчтэй, бяртай. Жиндээ барилдсан бөхчүүдээс хамгийн мундаг нь байлаа” гээд тэвэрч, үнсээд байлаа. Бөхийн спорт гайхамшигтай. Хүнийг зөв хөгжүүлж, хүмүүжүүлдэг. Тэр ч хэрээрээ дэвжээнд таниулж, амжилт, алдар нэр бэлэглэдэг. Спортын өндөр босгыг, талбар дахь саад бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван туулсны дараа хэцүү санагдсан бүхэн нэг л өдөр амжилт болж ирдэг юм билээ. Хөдөлмөрлөхгүйгээр хүссэн мөрөөдөлдөө хүрэхгүй. Тамирчин хүнд тэвчээр хэрэгтэй, зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах ёстой. Нэг алдартай тамирчны “Би 1000 мэхтэй хүнээс айхгүй. Харин нэг мэхийг 1000 удаа давтсан хүнээс айна” гэж хэлсэн байдаг. Би ч гэсэн дархан мэхээ төгс болгохын тулд байнга давтдаг шүү.
-Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байж амжилт гаргадаг. Тэднээс илүү хөдөлмөрлөж чаддаг уу?
-Надад хүчтэй өрсөлдөгч олон бий. Хүсэл мөрөөдлийн төлөө зорилго тавиад шантрахгүй зүтгэж байгаа нь тэднээс анзаарагддаг юм. Миний хувьд өрсөлдөгчдөө ялахын тулд сэтгэл зүйгээ сайн байлгаж, багшийнхаа заасан бүх эрдмийг гаргадаг. Тэднээс илүү байж би амжилт гаргана. Бидэнд багшаас гадна туслах дасгалжуулагч М.Кажымукан мэдэх, чадах зүйлээсээ харамгүй заадаг юм. Багш нар минь “Чи улсын аваргад түрүүлбэл Азийн АШТ-д оролцоно. Хичээж барилдаарай” гэв. Тэднийхээ итгэлийг алдалгүй түрүүлж, Азийн аваргад өрсөлдсөн. Би гадаадын тамирчдаас Иран, Японы бөхчүүдийн амжилт хэрхэн гаргасныг судалдаг. Миний хувьд 2017 онд Бүх Японы АШТ-д хүч сорьж, хүрэл медаль хүртсэн. Тэндхийн бөхчүүд хурдтай, шаламгай барилддаг. Багаасаа хичээллэж, барилдааны мэх, техникийг зөв эзэмшдэг.
-Азийн аваргад оролцсон бөхчүүдийн ихэнх нь хувиасаа зардал гаргаж явсан гэсэн үү?
-Тийм ээ, намайг Азийн аваргад оролцуулахын тулд аав, ээж минь найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ уулзаж, тэмцээний зардал босгосон. Эмээ хүртэл тэтгэврийнхээ мөнгийг хэдэн сараар зээллээ. Эмээ ааваас гадна гурван хүүхэдтэй. Ач, зээ нартаа өгөөгүй мөнгөө надад зориулдаг юм. Миний төлөө байгаа бүхнээрээ тусалдаг хамаатан садныхаа итгэл найдварыг алдахгүйг хичээдэг. Би Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 10 ангийн сурагч. Намар анги дэвшиж суралцана. Ангийн багш П.Амгалан, хамт олон минь дэмжиж, зардлын мөнгө нэмэрлэсэн. Ангийнхаа нөхдөөс ганцаараа бөхийн спортоор хичээллэдэг болохоор багш ойлгож, тэмцээнтэй үед хичээл, шалгалтаас чөлөөлдөг. Тэрбээр “Чи бэлтгэлээ сайн хийж, амжилтын гаргахын төлөө хичээ. Багш нь чиний хичээл, шалгалтад санаа тавина” гэдэг юм. Миний хувьд энэ мэтчилэн олон хүний дэм, тусаар амжилт гаргаж байгаа.
-Бөхөөр хичээллэх хэцүү санагдаж, хааяа шантардаг биз?
-Халширсан үедээ гэрийнхэн, багш, дэвжээнийхээ ах, эгч нартай ярилцах дуртай. Тэд “Саад бэрхшээл нэг их хэцүү асуудал биш. Чи зорилгоо бодоод урагшил. Амжилт руу тэмүүлэхэд тэр бүхэн аяндаа холдсон байдаг юм” гэж зөвлөдөг. Тэдний хэлснийг хэрэгжүүлж, амжилтаас атгасан. Намайг дэмжиж, тусалдаг бүх хүмүүст баярлалаа. Би үндэсний бөхөөр барилддаг. Энэ жилийн наадмаар хүүхдийн барилдаанд зодоглоно. Налайх дүүргийнхээ наадмаар өмнө нь шөвгөрч, Төв аймгийн Эрдэнэ сумд болсон барилдаанд үзүүрлэж байв. Энэ ташрамд, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баярын мэндийг Налайх дүүргийнхээ иргэдэд болон дэвжээнд хамт бэлтгэл базаадаг тамирчдад, мөн гэр бүл, ах дүүс, амжилтад хөтөлсөн Д.Мөнхбаяр багш, анги удирдсан багш П.Амгалан, хамт олондоо дэвшүүлье, сайхан наадаарай.