Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, үерийн түвшинд 35 см дөхсөн байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх гол үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 1-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см нэмэгдэх хандлагатай байна. Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс