Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Төсөл гүйцэтгэгч “Шинэ барилга” ХХК нь 2020 онд “Оргил” хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 2028 он гэхэд уг хорооллыг бүрэн барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 3654 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, спорт заал бүхий цогц хороолол барихаар төлөвлөөд буй юм. Түүнчлэн оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхэд багачуудын бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын болон тоглоомын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг зураг төсөлдөө тусгажээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлж, нийт 11.755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран, ажлаа эхлээд байгаа юм.