УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.06.09/ парламентад суудалтай намуудын төлөөлтэй хамтран улс төрийн намууд “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр, улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар санаачилга гаргаж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Парламентад суудалтай улс төрийн гурван намаас гадна, одоогийн байдлаар 21 улстөрийн нам тунхаг бичигт нэгдэж, гарын үсэг зурсан байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүрэлцэн ирж амжаагүй зарим намын төлөөлөл ойрын үед нэгдээд гарын үсэг зурах байх гэж бодож байна. Улс төрийн намуудын үйл ажиллагаа үндсэндээ хагас жил орчим үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын 13-наас хойш улс төрийн намууд хэд хэдэн удаа уулзаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярилцаж, тодорхой саналуудыг нэгтгэсэн. Зарим улс төрийн нам жагсаал, цуглаан зохион байгуулж, тодорхой саналууд гаргаж хандсан.
Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлуудыг хэлэлцсэн. Үүний дараа УИХ-ын захирамж гарч, тодорхой хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ингэснээр өнөөдөр улстөрийн намууд тунхаг бичигт гарын үсэг зурж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль нь зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Тийм учраас улстөрийн тодорхой хэмжээнд зөвшилцөж, саналаа нэгтгэлээ гэж үзэж болохоор байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийх ёстой юм. Энэ үүднээс өнөөдрөөс эхлээд нийтээрээ Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх саналыг хэлэлцүүлэх боломж ирлээ гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөж, хэрэгжүүлж ажиллах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа юм. Түүн дотроо Парламентад суудалтай улстөрийн намууд ҮХНӨ-д нэгдэж, ажиллана гэж байгаа. Эцсийн дүндээ энэ асуудал нь Парламентын дөрөвний гурвын дэмжлэгийг авах асуудал чухал. Энэ асуудалд Парламентад суудалтай улстөрийн намууд хамтарч ажиллана гэдэгт санал нэгдэж байгаа” гэв.
Түүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тунхаг бичгийг дэмжиж гарын үсэг зурсан тухайгаа хэллээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн арга хэмжээн дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл хийлээ. Энэ нь Ардчилсан намын хийсэн судалгаатай давхцаж байгаа юм. Ардчилсан нам нь Парламентын засаглал, Парламентыг төгөлдөржүүлэхэд намын байр сууринаас, ард түмнээс өгсөн үүрэг даалгаварын дагуу идэвхтэй оролцож хамтарч ажиллах болно. МАН нь 100 жилийн түүхтэй, Ази дахь улс төрийн ууган хүчин юм. Парламентад 62 суудалтай, Үндсэн хуулийн босгыг давж батлуулах боломжтой нам юм. Иймээс бид бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярилцаж эхэлснээр ийнхүү үр дүн гарч байна. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх барьж буй нам хийнэ гэдгийг ярилцсан. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд 200 гаруй мянган иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэднээс 190 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан. Бид 21 аймаг, есөн дүүрэгт энэхүү ажлаа үргэлжлүүлсээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэд, тэр дундаа залуучууд маш ихээр дэмжиж байна. Гадагшаа явах хүсэлтэй залуус их байгаа. Харин энэхүү өөрчлөлтийг хийснээр бид эх орондоо, ажлаа хийж, авсан цалиндаа сэтгэл хангалуун байж, сайхан амьдрах төрийн тогтолцоог хийх бүрэн боломжтой гэж үзэж байна ” гэв.