Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 128/ШЗ2022/4868 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ардчилсан намаас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцжээ. Ардчилсан нам “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин Ц.Тувааны удирдаж буй Ардчилсан намынхан тамганы маргаан шийдвэрлэгдсэнгүй хэмээн үзэж дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд "Өнөөдөр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэн С.Эрдэнэд хууль бусаар тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх байсан боловч шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзлаа.Үндэслэл нь “Улсын Дээд Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолд С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй”, “Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байна” хэмээн дүгнэсэнтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд улсын бүртгэлд байхгүй байна гэсэн Улсын Дээд Шүүхийн байр суурийг баримталлаа.
Дээрх татгалзал нь шүүхийн шийдвэр биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамж юм. Энэхүү захирамжид талууд гомдол гаргаж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлнэ. Иймд АН-ыг төлөөлөх эрхгүй нь шүүхийн шийдвэрээр олон удаа баталгаажиж, өнөөдрийн шүүгчийн захирамжаар төлөөлөх эрхгүй нь дахин тогтоогдоод байхад АН-ыг төлөөлөх эрхтэй мэт мэдэгдэл хийн, гишүүдийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ таслан зогсоохыг С.Эрдэнэ нарын иргэдээс шаардаж байна.Ардчилсан намын зүгээс хүчин төгөлдөр тамгыг нам доторх урвагчдыг ашиглан улс төрийн зорилгоор давхардуулан олгосон хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй бөгөөд, шүүхээр шийдүүлэх байр суурин дээрээ хатуу зогсож, шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгааг үүгээр мэдэгдэж байна" хэмээжээ.