АН: Засгийн газар өр тооцдог аргачлалаа өөрчлөх цаг болсон
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлаx туxай УИX-ын тогтоол болон Эрүүгийн xэрэг xянан шийдвэрлэx туxай xуульд нэмэлт, өөрчлөлт оруулаx туxай xуулийн төслийн талаар мэдээлэл сонсжээ. Бүлгийн Ажлын албаны эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржийн хийсэн танилцуулгад дурдсанаар Монгол Улсын нийт гадаад өр 33.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өрийн хэмжээ зохистой хэмжээнд байгаа гэж Сангийн сайд мэдээлж буй ч Монгол Улсын өр хэт өндөр болсныг хараат бус судалгаануудад үндэслэн Дэлхийн банк, ОУВС анхааруулсаар байгааг онцлов. Хилээ нээж чадахгүй бол эдийн засаг ирэх есдүгээр сараас улам дордож, гүн хямралд ороод буй Шри Ланкагийн араас ороход ойрхон байгааг сөрөг хүчнээс анхаарууллаа. Бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Өрийн дарамтад орсон улсад ядуурлын түвшин огцом дээшилж, улс орны хөгжил зогсонги байдалд ордог. Энэ нь нийгэмд эмх замбараагүй байдлыг өдөөж, улмаар иргэний мөргөлдөөнд хүргэх суурь болдог. Үүнийг одоо ийм үйл явдал өрнөж байгаа Шри Ланкагаас харж болно. Тажикистан улсын гадаад өр 2013 онд ДНБ-ийхээ 50 хувиас давж, газар нутгаасаа БНХАУ-д алдсанаар өмнөд хөршийн цэргүүд тус нутагт нь нэвтрэн орсон” хэмээн өрийн улмаас газар нутгаа алдсан жишээг дурдсан. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болсныг онцолж, “Хөгжлийн банк тойрсон асуудлыг ярихдаа хувийн хэвшлийн өрийг ярьж байгаагаас биш, нийт зээлийн 31 хувийг эзэлж буй ТӨХК-иудын хариуцлагын талаар хөндөхгүй байна. Манай улс өрөө эхнээс нь төлөхгүй бол хэдхэн жилийн дараа бүтээн байгуулалт, хөгжлийн талаар ярихгүй нөхцөлгүй болно” гэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Засгийн газар өр тооцдог аргачлалаа өөрчлөх ёстой. Одоо өрийн хэмжээг худлаа тооцож, хүмүүсийн толгойг эргүүлж байна. Манай өр нэгэнт ноцтой хэмжээнд хүрсэн. Цаашид хэрхэх, өрийн “хавх”- наас ямар аргаар хурдан гарах аргаа боловсруулж, яаралтай зохицуулалт хийх хэрэгтэй байна” гэлээ. Түүнчлэн ТӨХК-иудаа хувьчлах замаар койнд оруулж байгаа иргэдийн их мөнгийг хөрөнгийн зах зээл рүү татаж, хөрөнгө босгон, эдийн засгаа аврах боломжтойг хэллээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цагдаа, шүүх, прокурорынхны талаар тусгаснаас бус, хэрэгт шалгуулж байгаа иргэний эрхийг хангах тухай заагаагүйг шүүмжлэв. “Мөрдөгчид дуртай цагтаа иргэнийг дуудаж байцаадаг байдлыг өмнөх өөрчлөлтөөр халсан байсан. Хүний эрхийг хангах чиглэлд ахиц авчирсан уг заалтыг одоогийн төсөлд өөрчлөхөөр тусгаж, мөрдөгч нь хүнийг прокурорын зөвшөөрөл, шүүхийн “зарлан”-гүйгээр дуудан байцаадаг эрхтэй болгохоор оруулсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаас ухарсан явдал” хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
МАН: Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарим заалтыг дэмжихгүй
МАН-ын бүлгийнхэн гурван асуудал хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тус бүлэг завсарлага аваад байсан бөгөөд зарим заалтыг нь өөрчлөхийг дэмжихээр санал нэгдсэн байна. Тухайлбал, төслийн 34 дүгээр зүйлд улс орны хэмжээний, томоохон төслийн гүйцэтгэгчийг гэрээ байгуулах замаар сонгох, 3.13-т тусгасан, УИХ-аас баталсан жагсаалтад орсон төсөл, арга хэмжээнд шаардлагатай төсвийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлж байгаа бол эл хууль хамаарахгүй байхаар тусгасныг дэмжихгүй гэнэ. Тиймээс Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, эдгээр заалтыг хасахаар болжээ.
Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн ч хоёр заалтад онцгой анхаарал хандуулна гэв. Үүнд, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээний дагуу ажиллуулах, НҮБ болон олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэнийг төрийн албанд гэрээгээр ажиллуулж болохоор тусгасанд цөөнгүй гишүүн шүүмжлэлтэй хандсан аж. Иймд ажлын хэсэг байгуулж, эдгээр заалтыг өөрчлөн найруулах, шаардлагатай бол хасах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан, “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийг хувьчлах заалтыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн байна. Мөн УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Засгийн газартай хамтарч ажиллан, цаашид гарч болох үр дагавруудын талаар тодорхой заалт оруулах нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэжээ.