Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Байрных нь гадаа болсон суулт, жагсаал, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн АН-ынхны мэдэгдэл, хэвлэлийн бага хурал дагуулсан тус хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тус намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх байв. Гэсэн ч эл хүсэлтийг уламжилсан тал өргөдлөө буцаан татсанаар үүнийг хэлэлцсэнгүй. Тодруулбал, АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир Дээд шүүхэд өнгөрсөн сарын 13-нд ирүүлсэн дээрх хүсэлтээ өнгөрсөн баасан гаргийн 10.20 цагт татжээ. Харин нийт шүүгчийн хуралдаан 14.30 цагт эхэлсэн юм. Ингэхдээ Б.Ган-Очир “АН-ын Улс төрийн зөвлөлийн, тавдугаар сарын 19-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолоор АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн” хэмээжээ.
Тус хуралдаанаар Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж бүртгэн, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ.
Үргэлжлүүлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Уг журам дахь Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй сахилгын хэргийг бүртгэх, хуваарилах, шүүгч томилохтой холбоотой зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.