Нийслэлийн шүүхэд улсын начин Ц.Улаанхүү болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, Л.Данзанноров, Халзан нарын гомдлыг өчигдөр хэлэлцлээ. Улсын начин Ц.Улаанхүүг хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, борлуулсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноосон юм. Ц.Улаанхүү болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “Нотлох баримт хангалтгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан, ганц хүний гүтгэсэн ч юм уу, эсвэл өс хонзонгийн шугамаар гаргасан мэдүүлгээр ялласан.
Заавал шалгаж тогтоох зүйлийг шалгаагүй, ЭЦГ-ынхан гүйцэтгэх болон нотлох баримт цуглуулах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Гэрч гэх Болдбаатар өөрөө түүнийг бор луулах гэж байгаад баригдмагцаа Ц.Улаанхүүг өгөөш болгосон ч юм бил үү. Уг бодисыг хаанаас авсан эх үүсвэрийг тогтоогоогүй” гэж гомдол гаргасан юм. Харин прокурор нь “Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Ц.Улаанхүү өөрөө л эх үүсвэрээ хэлэхгүй бол хэнээс, хэзээ авсныг нь хэлэх боломжгүй” гэж хариу тайлбартаа дурдав.
Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч ДамдинОд, Л.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй явуулсан хурал 19.20 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн шүүхээс оноосон 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Г.РАВЖАА