“Жуулчны” хэмээх нэртэй ч архичин, тэнүүлчид цугларч, ил задгай наймаа цэцэглэсэн Урт цагааны гудамжаар гаднынхан битгий хэл бид өөрсдөө явахад ч хэцүүхэн байдаг нь үнэн. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Ч.Однасангаар ахлуулсан арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өчигдөр “Урт цагаан”- ны тохижилттой танилцлаа. Удахгүй болох “Нийслэлийн өдөр”-ийг угтан тэд ийнхүү нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй газруудтай танилцаж, цаашид хэрхэх талаар хэлэлцэж буй юм. “Байгууллагуудын ойр орчныг хоггүй байлгах, ил задгай худалдааг цэгцлэх, зарын самбаруудыг хураах, тохижилтын ажлыг сүйтгэж байгаа хүнд хариуцлага тооцох, архи согтууруулах ундаа худалдаалж буй газруудад арга хэмжээ авах гэсэн таван чиглэл гаргаж Ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна” хэмээн Ч.Бат дарга ярив. Тэд Урт цагааны зүүнээс баруун хүртэл явсны дараа ирэх даваа гариг гэхэд айраг зарж буй гэрүүдийг буулгах ажлыг Чингэлтэй дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэст, худалдааны асруудыг хураахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт үүрэг болгов. Тус ажлын хэсгийнхэн дүүрэг бүрээс хоёр гудамж сонгон авч, цэвэрлэгээнээс эхлээд тохижилтын ажилд нь анхаарах боллоо. Тэдгээр нь “Нарантуул” худалдааны төв, Цагдаагийн гудамж буюу зуун айл, “Хархорин”, “Бөмбөгөр” худал дааны төв болон Жуулчны гудамж байх юм байна.