Сэлэнгэ аймгийн Шаамар сумын засаг дарга Ф.Серкбол, ИТХ-ын дарга Б.Энхболд дарга нар нутгийнхаа түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар болох Бүүрэг толгой, Орхон голын сав газраас ямар ч зөвшөөрөлгүйгээр хайрга дайрга олборлосон асуудлаар Сэлэнгэ аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газраас шалгалт хийжээ.
Шалгалтын мэдээлэлд “Их бүүрэг толгойд 7190 мкв газарт 30391мкуб хайрганы нэг овоолго, Хүхрийн толгойд таван хэсэг газарт 4440 мкв газрын хөрс хуулан 4738 мкуб хайрга овоолсон. Хайрга олборлох зөвшөөрөл хараахан гараагүй, удахгүй гарчих учраас эндээс олборлож бай гэж сумын Засаг дарга Ф.Серкбол зөвшөөрсөн” гэх байдлаар олборлолт явуулсан байна. Мөн Орхон голын эргээс 54241 мкав талбайгаас хайрга олборлож, элсээр дүүргэсэн байна. Иймд уг асуудлыг шалгаж, экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж, нөхөн сэргээлт хийлгүүлж өгнө үү” хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн газарт албан бичгээр хандсан талаар албаныхан мэдээлэв.
Үүнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас тус газар шалгалт хийж, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, дээрх этгээдүүд албан тушаалаа урвуулан ашигласан, хууль зөрчсөн байх магадлалтай хэмээн үзэж, холбогдох арга хэмжээг авсан байна.