Баян-Өлгий аймгийн ноолуурын ченж Б, Х гэдэг ах дүү нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй км-т орхисон байсныг олсон. Хохирогчид тухайн үед 20 сая төгрөгтэй 31-51 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашинтай явж байсан юм. Уг хэргийг Баяннуур сумын харьяат 20- 22 настай Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар бүлэглэн үйлдсэнийг аймгийн Цагдаагийн газрынхан эрэн сурвалжилж илрүүлсэн билээ. Сэжигтнүүдийн нэг нь БНХАУ-ын Шинжаан руу зугтсан байсан аж. Цагдаагийхан БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад мэдэгдсэний дүнд сэжигтэн К.Ерланыг тус улсад бүгж байхад нь саатуулсан. Уг хэргийг шүүх хурал өчигдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд болох байсан өмгөөлөгчөөс болж хойшиллоо. Шүүгдэгч Ж.Ганибетийн өмгөөлөгч Д.Ганбат тус аймаг руу шүүх хуралд очоогүй гэнэ. Улмаар шүүхэд тайлбар хүргүүлснээр баасан гаригт уг хэргийг шүүн хэлэлцэхээр болжээ. Д.Ганбатаас болж уг хэргийн бусад оролцогч, өмгөөлөгч, прокурор зэрэг хүмүүс цаг хугацаа ажлаа алдаж, зочид буудалд байрлаж буй гэнэ.
Г.РАВЖАА