УИХ-ын ээлжит чуулганы үед парламент дахь намын бүлгүүд даваа гараг бүр ээлжит хуралдаанаа хийдэг. Өчигдөр МАН-ынхан хуралдсангүй. Харин АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэрэлдсээр байгаад таржээ. Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байгаагийн улмаас тус салбарт үүсээд буй асуудал, эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар хийж буй шалгалтын үр дүн, үүнтэй холбоотойгоор хянан шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэх байсан ч тус бүлгийг хэн удирдах, дарга Д.Ганбатыг огцруулах, эсэхийг ярьсаар, нэгдсэн шийдэлд хүрээгүй гэнэ. Уг нь хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэж байсан ч бүлгийн удирдлагыг огцруулах, эсэхийг хэлэлцсэн үү хэмээн тодруулсан сэтгүүлчид дарга Д.Ганбат нь “Хэн тэгээд байгаа юм. Та нар дур дураараа тэгж мэдээлээд байгаа юм биш үү. Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарсан. Захиалгатай, худалдагдсан сэтгүүл зүйг халах ёстой. Хэн нэгний захиалгаар ажилладгаа болих хэрэгтэй. Хаалттай хуралдааны талаар та нарт ярих албагүй” гэж хэвлэлийнхэнд уураа гаргасан юм.
Үнэндээ АН-ын бүлгийг чухам хэн удирдаж байгаа нь тодорхойгүй болсоор хагас жилийн нүүр үзэв. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат, дэд даргаар Н.Ганибал, Б.Бейсен нарын гишүүнийг сонгосон. Тухайн үед тус намын зөрчил тэгтлээ гаараагүй, нэг “малгай” дор байлаа. Гэвч нам нь ялагдсаны төлөө хариуцлагаа хүлээж байна гээд, дүрмийн дагуу огцорсон С.Эрдэнэ хэдэн сарын дараа гарч ирснээр намын удирдлагын түвшинд зөрчил гарч, улмаар хоёр хуваагдсан. УИХ дахь бүлгийн дарга Ганбат нь С.Эрдэнийн талд үйлчилж эхэлсэн ч гэж ярьдаг. Эхэн үедээ Д.Ганбатын талд С.Эрдэнэтэй хамт олон жил нэг тойрог, багт ажиллаж ирсэн С.Одонтуяа болон Д.Бат-Эрдэнэ нар байлаа. Харин нөгөө талд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талыг баримтлагчид байсан бол Б.Пүрэвдорж гишүүн л ганцаараа төвийг сахиж ирсэн гэхэд болно. Харин одоо бүлгийн хуралдаанд гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нараас бусад нь оролцохоо байжээ. Тиймээс ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар бүлэг нь хуралдаагүйг цөөнхийн Ажлын албанаас уламжлах нь ойр ойрхон болов. Өчигдрийн хувьд гишүүн Б.Пүрэвдоржоос бусад нь хуралдаанд оролцож, дарга Д.Ганбатыгаа ажлаа өгөхийг шаардсан аж. Сануулбал, УИХ дахь АН-ын бүлгийн 2021 оны аравдугаар сарын 18-ны хуралдаанд саналын эрхтэй 11, саналын эрхгүй хоёр (Н.Алтанхуяг, С.Ганбаатар) буюу нийт 13 гишүүнээс ес нь оролцож, 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, оронд нь дэд дарга Н.Ганибалыг сонгожээ.
Тэгвэл энэ хуралдаан хүчинтэй юү, гаргасан шийдвэр нь хууль ёсных мөн үү гэх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. УИХ-ын тухай хуулийн 22.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 16.2- т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 3.21-т “Хуралдаанаас гарах шийдвэрийг оролцсон гишүүдийн олонхын саналаар батална. Олонхын саналаар гаргасан шийдвэрийг цөөнх болсон хэсэг хүндэтгэн дагах үүрэгтэй”, мөн дүрмийн 5.2-т “Бүлгийн дарга болон дэд даргыг томилж, чөлөөлөх асуудлыг нийт гишүүний олонхын саналаар шийднэ”, мөн зүйлийн зургаа дахь хэсэгт “Бүлгийн даргатай холбогдсон асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг дэд дарга удирдана” гэж заасныг Д.Ганбатыг огцруулсан талынхан онцолдог. Гэвч “экс” дарга нь одоо хүртэл ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаагийн улмаас АН-ын бүлэг хурлаа ч хийж чадахаа больсон нь энэ.
Нөгөө талаас үүнд УИХ-ын даргын үүрэг, оролцоо их байгааг АН-ын бүлгийн гишүүд хэлдэг. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 31.3-т “Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдэнэ…” гэж заасны дагуу бүлгийн дэд дарга Б.Бейсений нэр бүхий албан бичгийг 2021 оны аравдугаар сарын 21-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Гэхдээ УИХ-ын дарга тус бүлгийн шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулаагүй. Тиймээс ч тэд “УИХ дахь намын бүлэг бол парламентын албан ёсны бүтцийн нэгж. Г.Занданшатар дарга тус нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийг эс үйлдэхүйгээрээ зөрчиж байна” гэж мэдэгдэж буй. Тухайлбал, О.Цогтгэрэл нарын гишүүд энэ оны нэгдүгээр сард мэдээлэл хийж, “АН-ын дотоод маргаан шийдэгдсэн. Бид өнгөрсөн оны аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх шийдвэрийг УИХ-ын даргад бичгээр хүргүүлсэн. УИХ-ын дарга бол парламент дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хуулиар хүлээсэн үүрэг, эрхтэй албан тушаалтан. Гэтэл үүнийг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүргэлээ. Шаардлагатай бол бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бид Д.Ганбат даргын ганцаараа хийдэг хуралд оролцохгүй” хэмээж байв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга мэдээлэх үүрэгтэй. Үүний дагуу би бүлэг байгуулагдсаныг нэгдсэн хуралдааны индэр дээрээс уншиж танилцуулсан. Хуульд үүнээс өөр зохицуулалт байхгүй. Хоорондоо зөрчилтэй албан бичгүүдийг та бүхнээс удаа дараа ирүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж байна. АН-ынхан дотоод дүрэм, журам, соёлоо баримтлан үүссэн асуудлыг шийдвэрлэ, эсвэл шүүхээр эцэслэсний дараа ханд” гэх тайлбарыг одоогоос дөрвөн сарын өмнө өгч байсан бол дарга Д.Ганбат “Манай намын гишүүдийн зарим нь АН-ыг төлөөлж байгаа мэтээр ярьцгааж байна. АН дүрэм, журамтай. Залуучууд том байж болно. Гэхдээ хууль, дүрмээ биелүүлж ажиллах ёстой. Та нар янз бүрийн аргаар мөнгө олсон байж болно. Тэр мөнгөөрөө АН-ын бүлэг, цаашлаад УИХ-ыг хоёр хуваах гэсний хэрэггүй” гэх мэтээр байр сууриа илэрхийлж ирсэн билээ.
Уг нь сөрөг хүчний үндсэн үүрэг нь эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, алдааг нь засаж, залруулах явдал. Гэтэл Монгол Улсад одоогоор сөрөг хүчин бараг байхгүйтэй адил буй. Парламентын түвшинд ч ялгаагүй, АН-ын бүлэг нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн гэхэд болно. Үүний бэлээхэн жишээ нь энэ. АН-ын дарга болон тус намын УИХ дахь бүлгийн удирдлагатай холбоотой эл асуудал хэдийгээр улс төрийн нэг хүчний маргаан, талцал мэт боловч угтаа Монголын төрийн чадамж, аюулгүй байдал, хүлээн зөвшөөрөгдөх, эсэхтэй холбоотой. Сөрөг хүчин нь эв нэгдэлтэй, удирдлагатай байж гэмээнэ дуу хоолой нь төдий чинээ хүчтэй, эрх баригчдын зүй бус үйлдэлд шахалт үзүүлж, таслан зогсоох боломжтой. Нөгөө талаас үүнд үүнд тус намын дотоод зөрчлөөс гадна эрх баригчдын оролцоо байхыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин хүчгүй байх нь эрх баригчдад л ашигтай. АН-ын бүлгийн дарга тойрсон маргаан хаа хүрэх вэ. Аль эсвэл намынх нь талцал төгсөж байж энэ бүхэн дуусах уу.
Б.Номин