ОХУ-ын Онцгой байдлын яамны Си ирийн салбарын “Ми-8” нисдэг тэрэгтэй ажилтнууд албан үүрэг гүйцэтгэж яваад өнгөрсөн бямба гаригт төвөөсөө холбоо тасарч, сураггүй болсон байна. Нисдэг тэргэнд багийн гурван гишүүн болон Онцгой байдлын дөрвөн мэргэжилтэн явсан аж. Эрлийн бүлэг шуурхай ажиллаж, уг нисдэг тэргийг Монголын хилийн ойролцоо ойд ослын буулт хийсэн байсныг ням гаригт олжээ. ОХУ-ын орон нутгийн хэвлэлд мэдээлснээр нисдэг тэ рэгний хөдөлгүүрт гал гарч, холбооны төхөөрөмж нь эвдэрсэн гэнэ. Экипажийн гишүүд самбаатай ажилласны дүнд зорчигчдоос гэмтэж бэртсэн хүн үгүй, бүгд эсэн мэнд газардсан байна.
ОХУ-ын www.newsru.com цахим хуудаст мэдээлснээр ОХУ-ын Чита мужаас баруун урагш 300 км-т байх Кыра-Алтан гэдэг газраас нисдэг тэргийг олжээ. Тус газар нь Хэнтий аймгийн Дадал сумын хойд талтай залгаа оршдог. Монголын хилийн ойролцоо нисдэг тэрэг ослын буулт хийсэн, Монгол Улсын агаарын орон зайд бараг орж ирсэн хөлгийн талаар мэдсэн эсэхийг ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэгээс лавлахад “Бид энэ тухай огт мэдээгүй, сонсоогүй юм байна” гэв. ХХЕГ-ын албаны хүн “Манай улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй, өөрийнхөө нутагт ослын буулт хийжээ. Монгол Улсын хилд тулсан ч өөрийнхөө нутаг дэвсгэрт буусан бол манайд хамаарахгүй” гэлээ.
Д.ДОРЖ, Г.РАВЖАА