Хэн нэгэн өрөөлийн амийг хороож. Шүүх хурал өндөрлөхөд гэмт этгээд цаазын ял сонсоно. Энэ нь бидний хувьд өглөө болоход нар манддагтай адил жам ёсны зүйл. Буруутай учраас амьд явах эрхгүй. Өөрөөр хэлбэл, Монголд хүн цаазлуулж л байдаг гэсэн үг. Алуурчны амийг төр хороосноор нүгэлт явдал нэгмөсөн арилж, шударга ёс тогтох эсэх тухайд хүн төрөлхтөн хууль цаазыг бий болгосон цагаасаа л хэдэн зууны туршид эргэцүүлж байна. Юуг нь эргэцүүлээд байгааг манай нийгмийн магадгүй дийлэнх нь ойлгохгүй. Гэвч дэлхийн хандлага цаазаар авах ялыг халж байгаа орнуудын тоо жилээс жилд өсөн нэмэг дэж байгаагаар тодорхойлогдож байна. Сүүлийн 20 жилд дэлхийн улсуудын талаас илүү хувь нь цаазаар авах ялыг нэгэнт халж, өдгөө 95 орон бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулахаа бүрмөсөн цуцалжээ.
Цаазаар авах ялыг хуульдаа тусгасан ч хэрэглэхээ зогсоож, сүүлийн 10 гаруй жилд энэ ялыг ганц ч удаа гүйцэтгээгүй 25 улс байна. Дайны үеийн гэмт хэргээс бусад тохиолдолд цаазаар авах ял ногдуулахыг 11 улс цуцалжээ. Үүнээс үзэхэд нийтдээ 130 гаруй улс цаазаар авах ял оноох болон гүйцэтгэхээ зогсоосон байна. Хамгийн ойрын жишээ болдог манай хойд хөрш ОХУ цаазаар авах ялыг халсан бол өмнөд хөрш БНХАУ 2007 оны нэгдүгээр сараас ялын дээд хэмжээ оноох байдлыг хуулиараа өөрчилсөн билээ. Хятадын анхан болон дунд шатны шүүх цаазаар авах ялыг оноох эрхтэй байсан бол одоо тус улсын зөвхөн Дээд шүүх энэ ялыг оноож байхаар хуульчилсан аж. Харин дэлхийн 58 орон энэ ялыг хэрэглэж байна. Үүний дотор бидний эх орон багтдаг.
Монголчуудын хувьд хүн амины хэргийг харах өнцөг нь бусдын гарт хүүгээ алдсан эхийн сэтгэлийг тайтгаруулахуйд чиглэдэг буюу энэ нь бусармаг үйлдлийн хохирлыг үтэр барагдуулахыг чухалчилсан шийдэл болж хуульд туссаар зуун жил болжээ. Сүүлийн 40 жилд манай улс 806 иргэндээ цаазаар авах ял оноожээ. Амийг амиар солих ёсыг философичид, хуульчид монгол хүний уламжлалт менталитеттэй холбон тайлбарлажээ. Монголын хууль судлаачдын олонх үнэн хэрэгтээ цаазаар авах ялыг “бусармаг” хэмээн үздэг боловч нийгмийн сэтгэл зүйн эсрэг зогсохоос эмээсээр байгаа нь нууц биш. “Монгол Улсад цаазаар авах ял байх шаардлагатай юу” гэсэн асуултад тандалтад оролцогчдын 83 хувь нь “Тийм”, 13 хувь нь “Үгүй” гэж хариулжээ. “Цаашид Монгол Улсад уг ялыг халах шаардлагатай юу” гэсэн асуултад 22 хувь нь “Шууд хал”, 24 хувь нь “Аажмаар халбал зохистой”, 50 хувь нь “Халах шаардлагагүй”, дөрв өн хувь нь “Хариулахад хүндрэлтэй” хэмээн хариулсан байна.
Энэ судалгааны дүн цаазаар авах ялыг халах тухайд хуулийн байгууллагынхан болон олон нийтийн байр суурь эсрэг тэсрэг байгаагийн нотолгоо юм. “Өнөөдөр” сонин “Дугаарын зурвас”-аа Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөрт зориулж байна. Сэтгүүлч бид хүүгээ алдсан эхийн талд ямагт хатуу зогсох болно. Гэвч гэмтнийг цаазлан мөн нэгэн халуун амийг егүүтгэснээр монгол эхийн сэтгэл “цадна” гэж үү? Чухамдаа “амийг амиар” гэх үзэл өнгөрч одсон нийгмийн “гарыг гараар”, “нүдийг нүдээр” сольж асан бурангуй ёсны үлдэгдэл бус уу. Монгол Улсын Үндсэн хууль иргэнийхээ амьд явах эрхийг дархалсан байдаг шүү дээ. Тиймдээ ч Монгол Улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өнгөрсөн онд цаазаар авах ялыг амьдрал дээр үл гүйцэтгэх анхны алхмыг хийснийг манай сонин дэмжиж байлаа.
“Өнөөдөр” сонин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан цаазаар авах ялтай зүйл, хэсгийг цөөрүүлэх, цаашлаад цаазаар авах ялыг хуулиас хасах явдлын эхний алхмуудыг сайшаан дэмжиж байна. Амьд явна гэдэг хүний салшгүй, заяагдмал эрх бөгөөд энэ эрхийг Олон улсын гэрээ, конвенцуудаар ч хамгаалсан байдаг билээ.
Б.ЭНХЦЭЦЭГ