Цагдаагийн ажилтнууд иргэдийн тусламжтайгаар гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгож байсан тухай цагдаагийн ахмад ажилтнууд ярьдаг юм. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч цагдаагийнхны хараа хяналтаас удаа дараа мултарч чадсан ялтнуудыг арван настай хүү хэрхэн барьсан тухай сонирхуулъя. 1985 оны хавар нийслэлийн Цагдан сэргийлэх газарт юу тохиолдсоноо ярих чадваргүй болсон эмэгтэй уйлсаар ирэв. Төд удалгүй “Машины эд зүйлийг маань хулгайч авчихаж” гэсээр нэгэн эр ирэх нь тэр. Цагдаагийнхан эмэгтэйг тайвшруулаад юу болсныг яриулжээ. Бүсгүй 32 настай бөгөөд ажлаа тараад Иркутскт сурдаг найзындаа очжээ. Найз нь онц сурдаг, идэвх санаачилгатай нэгэн тул оюутнуудаас сарын өмнө ирсэн байж. Найзууд хууч хөөрөлдөн, нэг шил дарс хувааж уугаад салжээ.
Цаг орой болсон учир бүсгүй таксинд суухаар гараа өргөтөл “Та хаана хүрэх вэ. Бид таныг хүссэн газар тань хүргээд өгье” гэж гурван залуу уриалгахан ханджээ. Машин хүлээж удтал зогссон тэрбээр юу ч бодолгүй шууд машинд суучихаж. Зуун айлын орчмоос хөдлөөд Гэсэр сүм хүрэх замд нэг л биш хүмүүстэй таарснаа хүүхэн мэдэв. Яриа, хэлж байгаа үг, өмссөн хувцас нь цаанаа нэг л биш. Гэнэт ухаан орсон бүсгүй “Би энд бууя” гэтэл “Үгүй шүү, чамайг тийм амар буулгахгүй. Чи мөнгөө төлөх ёстой” гэх нь тэр. “Юун мөнгө билээ. Хэдэн төгрөг юм бэ. Би төлөөд бууя” гэтэл тэд улам хурдаа нэмсээр нэгдүгээр хороооллын хойно хүний хөлөөс зайдуу аваачаад бүсгүйг хүчирхийлж, ээмэг, бөгж, үнэ хүрэх бүх зүйлийг нь дээрэмдээд орхиод явсан гэж бүсгүй ярилаа. Ямар машин байсныг цагдаагийнхан асуухад тонуулсан гэх өнөөх “ГАЗ-24” машинтай яг таарав.
Жолооч нь машинаа түгжилгүй орхисноос эд зүйлээ алдсан гэдгээ ч хэлэв. Гурван залуу машинаар шөнөжин явж, ноцтой хэрэг үйлдсэн болохыг цагдаагийнхан төвөггүй мэдэж, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажлаа эхлүүлэв. Бүтэн өдөржин хайсаар сэжигтэй хүн олсон ч нотлох баримт байсангүй. Гэмт этгээдүүд дахин үйл дэж болзошгүй гэж цагдаа - гийнхан таамаглаж, эргүүл гаргасан ч шөнөдөө ямар нэгэн сэжигтэй зүйл олж мэдэж чадсангүй. Гэтэл маргааш өг лөө нь 22 настай эмэгтэй хүчиндүүлсэн тухай мэдээлэл ирж, дахин нэг машин хул гайд алдагджээ. Тухайн үед Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийн даргаар одоо Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир ажиллаж байжээ.
Хашир туршлагатай хурандаа машин алдагдаад, гэмт хэрэгтнүүд шөнө гэнэт гарч ирээд, өдөр нь ор сураггүй болоод байгааг анхааралдаа авч, хэн байж болох вэ гэж бодсоны эцэст ялтнууд байж болох юм гэсэн таамаг дэвшүүлжээ. Хотын ойролцоох бүх шоронд тооллого хийж, өдөр оройн тооллогоо нягт нямбай хийхийг үүрэгдэв. Өнгөрсөн хугацаанд шоронгоос гарсан, түр чөлөөгөөр явсан нэг ч хүн байсангүй. Тооллого гэнэт хийж, ялтнуудыг нарийн бүртгэн, шөнөдөө шоронгийн орчим гэрэлтүүлэг нэмж, харуул хамгаалалт чангарч байгааг анзаарсан Энхээ, Баяраа, Болор гурав дараагийн удаа хэрхэн гарах тухай сэм тохирч байв.
Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн тэд өмнө нь 2-3 удаа ял шийтгэл сонсож байсан, Зайсангийн хорих ангийн ялтнууд. Тэд удахгүй суллагдах ч Энхээ хэнд ч мэдэгдэхгүй гарц олсныг дуулаад шөнө бүхэн эрх чөлөөтэй байхыг хүссэн нь тэр аж. Харуул хамгаалалт чангатгасан учир тэд хэд хоног шоронгоос гарсангүй. Энхээ, Баяраа нар суллагдах өдрөө хүлээж тэвчилгүй нууц гарцаараа гарлаа. Болор “Больё” гэсэн ч шөнө тэднийг гарч байгааг хараад тэсэлгүй дагав. Хот руу алхаж явтал айлын гадаа “УАЗ-469” машин байв. Энэ удаа жолооч машинаа түгжжээ. Шилийг нь хагалж машинд суугаад шөнийн Улаанбаатараар харсан зүгтээ давхиж гарлаа. Гэтэл жижигхэн биетэй хүүхэн зам дагаад алхаж байв. Болор “Хүүхэд юм биш үү” гэхэд нөгөө хоёр нь “Хүүхэд орой болсон хойно ганцаараа явах уу” гэв. Тэд машиндаа бүсгүйг чирч суулгаад Далан давхарыг чиглэн давхив. Бүсгүй “Амь авраарай” гэж орилж, уйлж, гуйсан ч тэд үл тоов. “УАЗ-469” машины жолооч шөнөдөө хөдөө явах байсан учир машинаа алдсанаа цагдаагийнханд мэдэгдлээ.
Түргэн авсан цагдаагийнхан шөнөдөө шуурхай арга хэмжээ зохион байгуулж, “УАЗ-469” машин бүрийг шалгасан боловч сэжигтэй зүйл олсонгүй. Цонхыг хагалж, дотор нь байсан бараа, эд зүйлийг нь дээрэмдсэн машиныг Богинын амнаас өглөө нь олов. Гэмт хэрэгтнүүд хотын гудамжаар цагдаагийнхан олон байгааг хараад, машинаа сольсныг өглөө нь мэдлээ. Үүрээр “Раф” машинаа дээрэмдүүллээ гэж дуудлага өгсөн жолооч нөгөөх гурван залуугийн нэр, дүр төрхийг яг хэлэх нь тэр. Өдөр бүр шоронгуудаас ялтны тоо авдаг ч сэжигтэй зүйл огт байсангүй. Цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийн төрхийг хохирогч бүсгүйчүүдээр хэлүүлж, ам зураг гаргасан ч тэднийг олж чадахгүй л байв. Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн ялтнууд хэзээ үйлдлээ давтах вэ гэдгээ цагдаагийн ажилтнуудаас дутуугүй мэдэх учир долоо хоног шоронгийн дэг журмыг огт зөрчихгүй байхыг хичээв. Тэд хэзээ хот руу явахаа ярилцаад “Өнөөдөр оройн тооны дараа гаръя. Нөгөө гарцны ойролцоо шүү. Солих хувцсаа мартав аа” гээд салцгаав.
Бүрэнхий болмогц уулзаад хот руу алхлаа. Автобус зогсоогүй ч тэдэнд мөнгө байсангүй. Кондукторт хулгайлсан зүйлээсээ өгөөд хэдхэн буудал явахыг гуйв. Тэд 120 мянгатын ойролцоо буугаад сурсан зангаараа машин хайлаа. Ойролцоо нэг ч машин байдаггүй. Алхаж явтал хөдөөнөөс ирсэн бололтой тоос шороонд дарагдсан ма - шин дотор 35 орчим насны эмэгтэй хүүхэдтэйгээ сууж байв. Машинд нь шууд дайрч суугаад Туулын шугуй руу давхилаа. Ээж, хүү хоёр уйлж, гуйсан ч тэд үл ойшоох аж. Г хөдөөнөөс авчирсан цагаан идээ, мах, сүүгээ гэртээ оруулж тавиад гараад иртэл, машин нь алга байв. Хүү нь эрх дураараа бөгөөд Г багаас нь машин бариулж сургасан аж. Хүүгээ дураараа аашилсан байх гэж бодоод ирэхийг нь хүлээв. Гэтэл нэг цаг болсон ч эхнэр, хүү нь сураггүй. Цагдаад хэлье гэж бодсон ч нэр төрөө бодоод хэсэг хүлээхээр шийдэв. Гэмт хэрэгтнүүд энэ үеэр хүүгийн гарыг хүлж орхиод, эмэгтэйг хүчирхийлжээ.
Хүү оролдсоор гарынхаа хүлээсийг тайлах мөчид ээж нь уйлж, бахирсаар машиндаа орж ирэв. Хүү нь машинаа жолоодож, зугтах замдаа Туул голд гар нүүрээ угааж байсан гэмт хэрэгтнүүдийг дайрч орхив. Ингээд гэртээ ирж аавдаа юу болсныг нэгд нэгэнгүй ярив. Аав нь тухайн үедээ томоохон албан газрын дэд даргын албыг хашиж байсан болохоор нам дарахаар шийджээ. Хэдэн үхрээ Туул голын эргээр тууж явсан хөгшин ухаангүй хэвтэх гурван хүнийг хараад цагдаагийнханд мэдэгдэв. Сүүлийн үед нийслэлд удаа дараа гараад байсан ноцтой гэмт хэргийн эзэд болохыг хохирогч бүсгүйчүүд нотоллоо. Харин хэн тэднийг дайрав гэдгийг олох үлдлээ. Хэргийн газраас машины дугуйны хээ, өрөөсөн алтан ээмэг, эмэгтэй хүний шаахай, хүүхдийн гутлын хээ гээд олсон бүх баримтаар тэднийг хайж байв.
Цагдаагийнхан эмэгтэйг ээмэгнийхээ өрөөснийг хийлгэж болзошгүй гэж таамаглаад тухайн үед нийслэлд цөөн байсан алт, мөнгөний дархны газрыг анхааралдаа авчээ. Гэтэл нэг өдөр хэргийн газраас олсон ээмэгний өрөөснийг хийлгэхээр эмэгтэй ирлээ гэх мэдээлэл Д.Сандаг-Очир даргад иржээ. Тэр эмэгтэйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахад нөхрийнх нь машины дугуйн хээ хэргийн газрын мөртэй тохирчээ. Мөн бага насны хүүхэдтэй зэрэг нь яг таарлаа. Ингээд тэднийг дуудаж уулзахад айж сандарсан бүсгүй нөхөр, хүүхдээ өмөөрч өөрийгөө буруутай гэж мэдүүлжээ.
Цагдаагийн ажилтнууд гэмт хэрэгтнүүдийн талаар ярихад тэд бага зэрэг тайвшрав. Арван настай хүү ээжийгээ аврахын тулд гурван хүн дайрсан хэрэг олны анхаарлыг татаж, нэг хэсэг шуугиж байснаа тэгсгээд намжсан аж. Учир нь хүү насанд хүрээгүй, аргагүй үед амь насаа хамгаалахын тулд үйлдсэн гэж шүүх үзээд хэрэгсэхгүй болгосон аж.
Х.ОЮУНСҮРЭН