“Эмээлт” түүхий эдийн захад арьс, шир худалдан авдаг эмэгтэйг дээрэмдсэн хэрэг энэ сарын 6-ны 03.00 цагийн үед гарчээ. Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг, Эмээлт захын зам дагуу байрладаг ТҮЦ-нд Ц гэх эмэгтэй арьс, шир авч байжээ. Шөнө дунд 3-4 залуу цонхыг нь тогшин “Нэхий өгье” гэсэн байна. Ц тэгэхэд нь хаалгаа нээн гарч очтол залуус нүүр рүү нь гааз цацжээ.
Улмаар тэд эмэгтэйг хэд хэдэн удаа цохиж, мөнгөний цүнхэнд нь байсан 1.4 сая төгрөгийг нь дээрэмдэн зугтсан гэнэ. Хохирогч цагдаагийнханд “Уг залуус 3-4- үүлээ байсан, яг ямар хувцастай байсныг нь харж чадаагүй. Хаалгаа нээнгүүт л өөдөөс гааз цацаж, юм харагдахгүй болсон” гэж тайлбарласан байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад “Хохирогч Ц гэх эмэгтэй энэ сарын 6-ны өглөө 06.00 цагийн үед өргөдөл гаргасныг бид шалгаж байна. Одоогоор эзэн холбогдогч тогтоогдоогүй, сэжиглэсэн хүн ч байхгүй” гэв.
Г.АРИВЖИХ