Автомашины азын гэгдэх дугаар шагийн үнээр 2000 доллар хүрч байгаа тухай бид нэлээд судалж байж нийтлэл бичсэн. Гэтэл зарим хүн баримт нотолгоогүй зүйл бичлээ хэмээн загнаж байв. Харин бидэнд автомашины азын гэх дугаарын бизнес хийсэн хоёр ч албаны дарга Авлигатай тэмцэх газарт шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн тухай мэдээлэл олдсон юм.
ДарханУул аймгийн Тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл, техник, технологийн салбарын дарга Цэдэнбалд холбогдох хэргийг АТГ-т шалгаж, азын гэгдэх дугаар олгохын тулд хээл хахууль авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байна. АТГ-ын албаны хүн “Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, Дархан-Уул аймгийн шүүхэд шилжүүлсэн байгаа. Түүний гэм буруутай эсэхийг шүүх эцсийн байдлаар тогтооно. Ямартай ч автомашины азын гэгдэх дугаарыг албан тушаалаа ашиглан олгож, түүнийхээ шан харамжид багагүй хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгагдсан” гэлээ.
Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцэхээр товлосон байж. Гэвч шүүгдэгч Цэдэнбал автомашины азын дугаарын “бизнес хийн”, багагүй мөнгө халаасалснаас гадна Сонгинохайрхан дүүрэгт бусдыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогдсон байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн залилангийн гэмт хэргийг нь шалгасны дараа хэргийг хамтатган шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон аж.
Энэ талаар Сонгинохайр хан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Цэдэнбалд холбогдох бусдыг залилан мэхэлсэн хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна. Хохирогч нь манайд өргөдөл гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэдий хэмжээний мөнгө залилсан зэргийг нь мөрдөн байцаалтаар тогтооно” гэлээ.
Г.РАВЖАА