Өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хүчирхийлж, мөчлөөд цүнхэнд хийж захын ойролцоо орхисон онц ноцтой хэрэг гарсан. ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн тав хоногийн дараа 29 настай Н.Мөнх-Оргил үйлдсэн болохыг тогтоон нийслэлд авчирсан тухай өмнө нь бид мэдээлж байсан. Түүнд бүх шатны шүүх цаазаар авах ял оноосон ч тэр одоо хэр нь хэргээ хүлээдэггүй.
Нийслэлд бага насны охидыг хүчирхийлсэн хэрэг удаа дараа гарч байсан бөгөөд хохирогч охид түүнийг мөн гэдгийг баталдаг аж. Түүнээс гадна хавтаст хэрэгт онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болохыг нь нотлох хангалттай баримт байдаг аж. Ноцтой энэ хэрэг шийдэгдэхгүй удсан нь шүүхийнхний зуны амралт таарсантай холбоотой аж. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг нь хэлэлцэх байсан ч өмгөөлөгчөө сольсон учир хойшиллоо.
Улсын яллагч С.Хишигжаргал Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2, 126.3, 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.15-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлджээ.
Х.СҮРЭН