УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан нар мэдээлэл хийв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа төрийн зарим хяналт, шалгалтыг түр зогсоохоор хуулийн төсөл санаачилсныг УИХ хэлэлцээд дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн дунд санал, байр суурь, ойлголтын зөрүү нэлээд байсан. Иймд бүлэг завсарлага авч, дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн гол агуулгын тухайд тодруулъя. Төрийн хяналт, шалгалт хойшид үргэлжилнэ. Харин төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл л зогсооё гэж байгаа юм. Бүлгээр ярилцаад, Засгийн газраас удахгүй өргөн барих Төрийн хяналт, шалгалтын тухай хуультай хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдлээ” гэв.
Мөн Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил, анхаарах зүйлс, хууль, эрх зүйн хувьд болон санхүүгийн хүрээнд шийдвэрлэх асуудлын талаар бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд лобби бүлгийн гишүүд уулзалт, хэлэлцүүлэг олон удаа зохион байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажил хийх, хууль, тогтоомжийг нь хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн. “Ковид-19”-ийн цар тахал дэгдэхээс өмнө жилд 25 мянган хүүхэд ээж, аав, асран хамгаалагчийнхаа хажууд гэмтэж, бэртэн, хүчирхийлэлд өртөж, амиа алдаж байсан бол цар тахлын үеэр 35 мянга болж өссөн. Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагуудаас эцэг, эхчүүдийн хариуцлагын талаар соён гэгээрүүлэх ажил хийдэг боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Иймд бид дүгнэлт хийх цаг болсон. Эцэг, эхчүүд сүүлийн үед нийгмийн сүлжээ ашиглахад нэлээд цаг зарцуулж, хүүхдүүддээ анхаарал тавихгүй байгаа нь судалгаанаас харагддаг. Өөрөөр хэлбэл, бид хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үзүүлж байна гэсэн үг. Хүүхдүүд бэртэж, гэмтэх, амиа алдсаны цаад шалтгаануудын нэг нь эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна” гэж тусгасан. Бүх яам, агентлаг энэ заалтыг хэрэгжүүлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Дээрх асуудалд эрх баригч МАН болон бодлого тодорхойлогчид онцгой анхааран ажиллаж буй” гэв. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж буйг дурдлаа. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дуудлага мэдээллийг авч үзвэл 2021 онд тус төвд 26 503 дуудлага ирснээс хүүхдийн эрх хамгааллын 4416, бие махбодын хүчирхийлэл 760, бэлгийнх 111, сэтгэл санааных 900, үл хайхрах хүчирхийлэл 710, гэр бүлийн харилцааны 677 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ.
Мэдээллийн үеэр УИХ дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй үндэслэл, шалтгааныг тодруулахад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо л мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй. УИХ-ын гишүүдийг шалгуулахгүй гээгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар, цаасаар санал хураадаг. Тиймээс гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн байх” гэв.
Бэлтгэсэн: Б.УРАН