Хэнтий аймгийн Батширээт суманд 1995 оноос эхлэн айл, албан байгууллага галдан шатаадаг хэрэг гарч байсан бөгөөд хамгийн сүүлд 1998 онд уг үйлдэл нь давтагдсан юм. Тухайн үед тус аймгийн цагдаагийнхан хэргийн газрын үзлэгээ дуусгаад буцахаар Бархын гол гараад явж байхад дараагийнх нь айлыг шатааж байсан гэдэг. Энэ хэрэг өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй бөгөөд тухайн үед цагдаагийнхан хэд хэдэн залууг саатуулж, илрүүллээ хэмээн “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулж байсан аж. Гэвч шүүхийн шатанд сэжигтэн залуус гэм буруугүй болох нь нотлогдсон юм.
Хамгийн сүүлд энэ хэрэгт холбогдуулж Батширээт суманд нэлээд алдартай С.Цэвээндорж нарын хүмүүсийг саатуулан шалгасан. Өмнө нь түүнийг уг хэрэгт холбогдуулан удаа дараа шалгасан боловч гэм буруутай үйлдэл нь нотлогдохгүй байсан. Харин хамгийн сүүлд өнгөрсөн жил түүнийг сэжигтнээр шалгаж эхэлсэн бөгөөд өдгөө мөрдөн байцаалтын ажиллагаа нь үргэлжилсээр байгаа гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалжууд өгүүлсэн юм. С.Цэвээндоржийг дахин сэжиглэх болсон шалтгаан нь түүнтэй гэр бүлийн харилцаатай байсан эмэгтэйн мэдүүлгээс болсон гэнэ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн С.Цэвээндорж эхнэрээ “Чамайг бас шатаачихна шүү. Өмнө нь байшин шатааж болсон юм” хэмээн загнаж байсан аж. Эхнэр нь уурлаад түүнийг цагдаад мэдэгдсэнээр дахин шалгуулж эхэлсэн юм байна. Батширээт сумын нэгэн иргэн “С.Цэвээндорж мөрдөн байцаалтаар гэм буруугаа хүлээж буй гэх юм билээ. Ах нар нь үхэр, мал борлуулж, хохирлыг нь төлнө гээд явж байгаа” гэж ярилаа. Харин өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт 11 удаа иргэдийн эд хөрөнгийг галдан шатаасан хэрэг гарсан билээ.
Цагдаагийн ажилтнууд хоёр сар орчим эрэн сурвалжилж, гэм буруутай байж болох хүүхдүүдийг саатуулсан. Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн таван хүүхэд холбогдсон юм. Тус аймгийн Баруунбүрэн сум болон Дархан-Уул аймгийн харьяат Х, Б нарын 1995-1997 онд төрсөн 13-15 настнууд уг хэргийг үйлдсэн. Галдагч хүүхдүүдэд холбогдох хэргийг тус аймгийн шүүхээр шийдвэрлэж, хорих ял оноосон бөгөөд насанд хүрээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр тэдний ял эдлүүлэх хугацааг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Г.ОРЧЛОН