Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Эл айлчлалыг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийж байгаа юм. Талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгааг сайд Б.Батцэцэг тэмдэглэсэн. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилт технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, устөрөгчийн цахилгаан станц байгуулах зэрэг чиглэлд Японы талтай хамтран ажиллах нөөц боломж байгааг тэмдэглэлээ. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх зэргээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод, үүний хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд холбогдох дэд хорооны хуралдааныг ойрын үед зохион байгуулахыг санал болгосон юм.
Сайд Ё.Хаяши Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүний хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж буйгаа танилцуулав. Талууд ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, батлан хамгаалах зэрэг өргөн хүрээтэй салбарт стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны (2017-2021 он) хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, эл айлчлалын үеэр олон нийтэд танилцуулж байгаад баяртай байна гэв. Улмаар 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талаас сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой агуулгатай байгуулахаар болов. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэ онд уг хөтөлбөрт зориулж 263 сая иений санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа.