Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын захирал буюу тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Александр Петрович Фоменког АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 1-нээс эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Мэдээллийн зарим хэрэгслээр түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан, УИХ-ын гишүүн Х.Наранхүү нарт холбогдох хэрэгт хам татган шалгагдаж байгаа гэж мэдээлсэн байсан. Албаны эх сурвалж үүнийг үгүйсгэлээ. “А.П.Фоменкод холбогдох хэрэг тусдаа. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэдгээ эх сурвалжууд хэллээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөний улмаас их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэж, тогтоолыг нь танилцуулсан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээс үзвэл тэрбээр албан тушаалаа ашиглан танил талдаа давуу эрх олгож, тендерт шалгаруулсан бололтой юм. “Энэ бүгдийг мөрдөн байцаалтаар илрүүлж, гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно” гэдгийг эх сурвалж өгүүлэв. А.П.Фоменкод холбогдох хэргийн талаар АТГ-ын албаны хүнээс лавлахад “Түүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь үнэн. Түүний болон Х.Наранхүү нарын хэрэгтэй холбоотойгоор Эрдэнэтэд манай ажилтнууд холбогдох шалгалт хийж, шаардлагатай хүмүү сээс тайлбар, мэдүүлэг авч байгаа” гэв.
Г.РАВЖАА