Монголын шинэ цагийн баячууд гар утасны болон автомашиндаа “азын” гэгдэх ижил оронтой тоо сонгох нь моод болоод байгаа. Үүний хэрээр азын гэгдэх ижил тоотой, эхний болон сүүлийн орон нь адил дугаарын үнэ хаданд гарч, зарим нь албан тушаалаа ашиглан эрх мэдэлтний цохолтоор ийм дугаар авч төмөр хөлөгтөө зүүдэг. Өдгөө дөрвөн ижил оронтой дугаарын үнэ 2000 ам.долларт хүрч, үүний хэрээр шинэ цагийн баячууд өөрсдийнхөө хэр хэмжээг тодорхойлох болсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
АЗЫН ДУГААРААС ОЛСОН МӨНГӨ ХЭНИЙ ХАЛААСАНД ОРЖ БАЙНА ВЭ
Автомашины азын дугаар, төр засгийн үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгсэлд олгодог УБЗ дугаар нэг хэсэг замбараагаа алдаж, загвар өөр зарим машин ижил сери дугаар зүүж гангарч байсан. Тухайн үед Зам тээврийн сайд 00-20 УБЗ дугаартай жийптэй байсан бол, хотын дарга мөн тийм дугаартай суудлын автомашин хөлөглөдөг байсан юм. Ийм давхардал гаргахад тухайн үеийн ЗЦГ-ын даргын жийп, суудлын автомашины дугаар ижил байж болно гэх утгатай шийдвэр нөлөөлсөн гэж тус газрын ажилтнууд өгүүлж байв. Түүнээс хойш ЗЦГ-аас дугаарын давхардлыг арилгах чиглэлээр багагүй ажил хийснээр давхардсан сери дугаартай автомашин явахаа үндсэндээ больсон. Одоо харин нийслэлд улсын дугаарын стандартын зөрчилтэй машинууд ихэслээ.
Уг нь Монгол Улсад мөрдөх стандартыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөл баталж, нийтээр мөрдөж хэвшсэн атал, дугаар үйлдвэрлэгч компани стандарт зөрчин цифр хоорондын зайг 0 100 … гэх мэтээр хэвлэж байгаа юм. Ийм замбараагүйтэл хэзээнээс эхэлсэн талаар хүн бүр “Улсын дугаар олгох эрх ЗЦГ-аас гарч, яамны мэдэлд очсоноос хойш” гэдэг. Үнэхээр ч тийм явдал болсон. Тухайн үеийн Зам тээврийн сайд 2008 онд ЗЦГ-аас Техникийн бүртгэлийн хэлтсийг салгах хуулийн төсөл санаачилж, УИХ-аар батлуулснаар энэ ажил хэл амтайгаар ЗЦГаас Зам тээврийн асуудал эрхэлсэн яаманд шилжсэнээс хойш улсын дугаар олгох ажил замбараагүйтэж, хэдэн түшмэд нь азын дугаараар бизнес хийж, халааслах болсон гэж олон хүн ярьж байна.
Саяхны нэгэн жишээ гэхэд дөрвөн тоо нь ижил улсын дугаар авахаар очсон эрхэм ЗТАЖЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтэс гэх улсын үйлдвэрийн газрын мэргэжилтнээс 2000 доллараар авсан гэв. Бидэнд олдсон мэдээллээр ЗЦГ-т ажиллаж байгаад уг хэлтэс шилжихтэй зэрэгцэн даган очсон нэгэн ийм бизнес хийсэн гэж ярьж байв. Мөн тус газрын эрх бүхий дарга нарын шийдвэрээр нэг машинд олгосон улсын дугаарыг шинээр авсан машинд шилжүүлэхгүй байхаар болсон юм. Энэ уг нь зөв шийдвэр. Тухайн тээврийн хэрэгсэл Монгол Улсад орж ирснээс хойших нэр нь бол улсын дугаар. Хүн амьдралынхаа дунд нэрээ өөрчилдөггүйтэй адил улсын дугаарыг ч өөрчлөхгүй байх ёстой юм билээ. Гэтэл Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлт сийн улсын бүртгэгч нар даргынхаа гаргасан шийдвэрийг зөрчин танил талдаа хуучин дугаарыг нь шилжүүлээд өгчихөж байгаа юм. Ингэхдээ мөн л тодорхой шан харамжтай.
Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн улсын бүртгэгч хуучин дугаарыг нь шинэ машинд нь шилжүүлэхдээ 200 ам.долларыг тээврийн хэрэгслийн эзнээс авч халаасалжээ. Шинэ дугаар авахад дугаараа хэвлүүлсэнтэйгээ нийлээд хамгийн дээд тал нь 30 орчим мянган төгрөг л болдог. Хуучин дугаараа авсан хүн 10 гаруй мянган төгрөг л Т өрийн санд тушаадаг юм билээ. Төрийн санд 10-30 мянган төгрөг орж байгаа бол үлдсэн нь хэний халаасанд орох вэ? Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан ү үргийн дагуу ажил гүйцэтгэж, үйлчилгээ ү зүүлэх үүргээ далимдуулан халаасалж байгаа гэхэд нэг их буруудахгүй болов уу. Энэ бол Эрүүгийн хуулийн 170 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэхэд ч болно. Тиймээс прокурор, АТГ-ынхан Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник техно логийн хэлтсийнхнийг шалгаад үзэхэд нэг их буруудахгүй. Нарийн судалбал, улсын дугаар олгох бүрэн эрх тус хэлтэст байдаггүй. Зөвхөн оношлогоо, шилжилт хөдөлгөөнөө хариуцах ёстой юм билээ. Хуулиар олгосон эрхгүй байгууллага ийм үйл ажиллагаа явуулж байгааг холбогдох яам, хууль хяналтын байгууллагынхан нарийн судалж үзэх хэрэгтэй баймаар.
ЗЦГ-ЫНХНААСАА ХАРАМЛАСАН ДУГААРЫГ 1.5 САЯАР ХУДАЛДАЖ БАЙНА
ЗЦГ-ын дэргэдэх Авторадио фм 96.3 радио гоор жолооч нарын хууль эрх зүйн мэдлэгийг сорьж, Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалттай холбоотой асуулт, хариултын уралдаан явуулж, азын гэгдэх хоёр адил, эсвэл эхлэл төгсгөл нь ижил дугаараар жолооч нарыг урамшуулдаг байсан нь саяхан. Гэтэл Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсээс тус радиогийнхонд дугаар олгохоо больсон байна. Ямар учраас ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Гэхдээ өөрсдөө азын гэгдэх дугаарын бизнесийг цэцэглүүлж, улам үнэд оруулахын тулд замын цагдаагийнханд олгохоо больсон байхыг ч гүйсгэхгүй. Хамт ажиллаж байсан журмын нөхдөөсөө харамлаж, хууль дүрмээ мэддэг жолооч нарт олгодог дугаар нь гадуур маш өндөр, анхны нээ хэд дахин нугалан борлогдож байна.
Манай нэгэн танил дөрвөн орон нь ижил дугаараа нэг сая орчим төгрөгөөр худалдсан байна. Гэтэл зарим хүн маш хямдхан өгсөн байна хэмээн түүнийг буруушаажээ. Үнэхээр ч тийм бололтой. Есөн жорын эд зүйл борлуулах тухай зар байдаг цахим хуудсанд орж үзэхэд 54-54 гэсэн дугаар 1.5 сая т өгрөг, 9111 гэсэн дугаар нэг сая, 76-67 дугаар хагас сая гэх мэтээр зарласан байх юм. Тухайн хүн өмчөө хэчнээн төгрөгөөр хэнд худалдах нь хамаагүй ч, улсын дугаар тухайн машиндаа л байх ёстой гэдэг зарчим үйлчлэх ё стой баймаар. Эдгээр дугаарын ард нөгөө л Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийн бүртгэгч нар шилжүүлгийг нь хийж өгөх нэрээр хууль бусаар хэдэн төгрөг илүү халааслаад сууж байгааг үгүйсгэхгүй. Авто тээврийн газрын нэг жигүүрт байрлах тус хэлтсийн үүдээр очиж “Ланд Круйзер-200”-д гайгүй дугаар авмаар байна. Хэдээр ч хамаагүй” гэж хэлэхэд зарим хүн гайхан харж байхад 1-2 залуу “Азын дугаар 2000 доллараар өгнө, бичиг баримтаа өгчих, гялс аваад шилжүүлээд өгье.
Энд таньдаг хүн маань ажилладаг” гэв. Ийм байдлаар дугаар дамлаж, Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхний нэрийг худалдаж иддэг нэг хэсэг хүн ч байдаг бололтой. Тус газрын үүдээр машины дугаар боож үйлчилнэ гэсэн залуус гүйлддэг. Тэд ч гэсэн дугаарын шагийн наймаанд, стандарт зөрчүүлэхэд ч гэсэн хувь нэмрээ оруулдаг бололтой юм билээ. Тэд нэг залуугийн авсан дугаарыг суурилуулж өгөхдөө ярьж буйг нь сонсоход “Уг нь та дажгүй дугаар авсан байна. Гэхдээ би танд үүнээс илүү, азын дугаар олж өгч чадна. Жаахан үнэтэй л байдаг юм” гэж байх юм. Машины эзэн “Нэгэнт авсан дугаар яах вэ дээ. Лам 9-ийн тоотой юм уу түүнд хуваагдах тоотой дугаар аваарай гэсэн юм” гээд төлбөрийн 2000 төгрөгөө өгчихөөд явчихаж байгаа харагдав.
ЯАМ, АГЕНТЛАГИЙНХАН ХУВЬ ХҮНД ДУГААР ГУЙЖ, АЛБАН БИЧИГ ИЛГЭЭДЭГ ҮҮ
Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхэн азын дугаар шагийн үнэд хүрч, өндөр үнээр худалдаж байгаа зөрчлийг мэддэг ч өөрсдөдөө хир халдаадаггүй. Тэд “Азын гэгдэх зарим орон нь ижил дугаарыг гар утасны дугаар шиг дуудлагаар худалдаж, олсон мөнгийг нь Төрийн санд, эсвэл хүмүүнлэгийн байгууллагад хандивлах санаа гаргасан ч яам зөвшөөрөөгүй. Бид азын дугаар худалддаггүй шүү дээ. Шинэ сери задрахад дарга нар л азын гэгдэх дугааруудыг нь авч үлдээд үлдсэн дугаарыг нь иргэдээр сонгуулдаг” гэж байх юм. Тэдний ч зөв байж болох. Саяхан УНЭ гэсэн шинэ сери задарлаа. Энэ сериэс азын гэгдэх дугаарыг олгож өгнө үү гэсэн хүсэлт Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтэс болон Автотээврийн газрын удирдлагад ирж байжээ. Ийм гуйлт өмнө нь ч олон ирж байсан аж. Үүнийх нь дагуу зарим азын дугаарыг цохолтоор олгодог юм байна.
Харин тэдгээр азын дугаарыг яам, агентлагийн “хурган” дарга нар албаныхаа машинд үнэхээр авдаг эсэх нь эргэлзээтэй. Зарим яам, агентлагийн дарга нар азын гэгдэх дугаартай машин хөлөглөн давхиж байгаа нь бий. Зарим нь албаны машины нэрээр хувийн машиндаа авсан нь ч байдаг гэдгийг Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхэн өгүүлж байлаа. Тэд ийнхүү өөрсдийгөө хамгаалж буй бол зарим эх сурвалж өөрсдөө азын гэгдэх дугаарыг нь авч үлдчихээд ердийн дугаарыг гаднах самбартаа зарладаг. Танилын шугамаар орж уулзаад гайгүй дугаар авах хүсэлтэйгээ хэлэхэд ширээн дотроосоо, эсвэл компьютерийнхээ сангаас шүүж байгаад өгдөг гэж ярив. Ийм замбараагүй байдлыг цэгцлэх арга хэмжээ авахгүй бол нэг хэсэг нь төрөөс гаргаж буй дугаараар бизнес хийж ашгийг нь халаасаад дуусах нь.
Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхэн ийм байдлаар ажлаа явуулж байсанд орвол буцаагаад ЗЦГ-т нь Бүртгэлийн хэлтсийг хариуцуулмаар юм. Уг нь ЗЦГ-ынхан арай ч ингэж ёс зүйгүй аашилдаггүй байсан шүү. Харин тэндээс салснаас хойш шинээр олгож буй дугаарын бүртгэлийн сан ЗЦГ-т байхгүй, осол гаргаад зугтсан автомашиныг шүүе гэхээр заавал Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник технологийн хэлтсийнхний царайг харж, цаг алддаг болсон. Хэдийгээр ЗЦГ тус хэлтэстэй сүлжээгээр холбогдох гэж байгаа ч тэр нь удааширч, хэн хэнийхээ ажилд саад учруулж байгаа гэнэ. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохын тулд ЗЦГ-т нь бүртгэлээ буцаан хариуцуулсан нь зөв бололтой. Түүнээс гадна бүртгэл явуулах эрхгүй улсын үйлдвэрийн газарт хүчээр энэ ажлыг хариуцуулж байгаагаа ч зогсоох хэрэгтэй юм байна.
Г.ЦОЛМОН