Зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтах явдал сүүлийн үед ихэслээ. Жишээлбэл, Төв шуудангийн баруун урд замд “Хьюндай Верна” маркийн 25-30 УНВ дугаарын машины жолооч Х явган зорчигчийг мөргөж, амийг нь хөнөөгөөд зугтсан байна. Уг ослыг харсан иргэн О ЗЦГ-ын жижүүрт мэдээлснээр хэрэг хийсэн жолоочийг баривчилсан гэнэ.
Энэ осол уржигдар 23.00 цагийн үед гарчээ. Мөн Тасганы овооны уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигчийг мөргөчихөөд зугтжээ. Уг осол 04.00 цагийн үед гарсан бөгөөд талийгаачийг Гандан руу чиглэн зам хөндлөн гарч явахад нь III-IV хорооллоос ирж явсан автомашин дайрсан аж.
Одоогоор энэ хэргийн эзэн, дайрсан машиныг олоогүй байгаа гэнэ. Тиймээс дээрх ослыг харсан хүн байвал ЗЦГ-ын 124, 93021041, 93021046 дугаарын утсаар холбоо бариарай.
Г.РАВЖАА