Хүн амины хэргийн шүүх хуралдаан болж байгаа гэхэд аль нэг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт авч байна уу гэлтэй танхимд нам гүм. Шүүх хуралдааны танхимын үүдэнд цагдаа, хамгаалагч энэ тэр байсангүй. Хүмүүс орж гарч харагдах нь сонирхсон хэн ч боловч шүүх хуралд сууж болох аж. Хуралдаанд оролцогчид хэзээний дотно танилууд аятай намуухан ярилцана. Шүүгч залуу гэрчээс юуг ч юм бэ тодруулан асууна. Шүүх хуралдааны танхим том саруулханы зэрэгцээ шүүгчийн дүрэмт хувцас, төрийн сүлд, туг далбаа, шүүхийн бэлгэ тэмдэг зэрэг нь хэн хүнийг өөрийн эрхгүй хүндлэх, сүрдэхэд хүргэх аж. Тэнд илүү зүйл алга. Хаа холын бидэнд хүртэл шүүх, шүүгчийг хүндэтгэх сэтгэгдэл төрж байна лээ. Энэ бол БНСУ-ын Сөүл хотын төвийн дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан.
Яг энэ хуралтай адилхан хүн амины хэргийн шүүх хуралдаан манайд болж байгаа бол ямар байх байсныг төсөөлж суув. Шүүгчид хэн нэгний дууг хорьж зандчаад, хаалга манаж суугаа цагдаа хэвлэлийнхэнтэй хэрэлдэн, эсвэл хохирогч, гэрчүүд гудамжинд яваа аятай хэн нэгэн рүүгээ дайрч давшлаад сууж байгаа даа гэх бодол төрж байсан. Хааяа нэг шүүх хуралд суухад ийм дүр зураг харагддаг. Гэтэл манайд болдог шүүх хуралдаанаас нэг л содон байх чинь юу билээ. Шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч, нарийн бичиг, гэрч, яллагдагчаас гадна шүүх бүрэлдэхүүний баруун доод талд янз бүрийн насны найман хүн сууж байх юм. Тэднийг иргэдийн төлөөлөгч гэх. “Юу нь сонин байгаа юм бэ, манай шүүхэд ч иргэдийн төлөөлөгч байдаг шүү дээ” гэж уншигч та бодож байж магадгүй.
Тийм ээ, манайд байдаг. Гэхдээ нэр төдий, тэтгэврийн голдуу хүн суулгаж, зарим үед гудамжинд яваа нэгнийг хүртэл гуйж байж иргэдийн төлөөлөгч болгосон нэр зүүдэг шүү дээ. Асуудлын гол нь арай өөр гэдгийг дор өгүүлэх болно. БНСУ-ын Сөүл хотын төвийн дүүргийн эрүүгийн шүүх хуралдааны танхимаас гарсан манай багийнхан надтай ижил сэтгэгдэлтэй байна лээ. Энэ тухайгаа ярилцсаар бид дараагийн арга хэмжээнд оролцохоор автобусандаа суулаа. Манай багийнхан гэдэг маань УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраар ахлуулсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ерөнхийл өгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Ерөнхийлөгчийн хууль зүйн шадар туслах Ж.Баярцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Ц.Цогт, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, тус форумын Хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар болно.
Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулан, Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Хуулийн энэ төсөл, Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн амин сүнсийн нэг нь иргэдийн оролцоотой шүүх юм. Манай улс эх газрын буюу Ром, Германы хуулийн тогтолцоотой. Дэлхийн хууль шүүхийн үлгэр болсон хуулийн энэ системд тангарагтны буюу иргэдийн төлөөлөгчид шүүх хуралд таслах эрхтэй оролцдог. ХБНГУ зэрэг олон оронд иргэдийн оролцоотой шүүхийн систем хэдийнэ бүрэлдэн тогтжээ.
Энэ асуудлаар манай багийнхан ч өөр өөр ойлголттой явсан юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан:
-Өнөөдөр дэлхийн улс орнууд хуулийн аль нэг системийг голлохдоо бус аль дэвшилттэйг нь аваад явж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгчид оролцдог тогтолцоо руу бүгд орлоо. Бид ч энэ замаар явах ёстой. Шүүхийг хараат бус, олон түмэнд нээлттэй байлгая гэвэл нэр төдий байгаа иргэдийн төлөөлөгчдийг шүүхийн шийдвэр гаргахад оролцуулж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.
Тэгвэл Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Ц.Цогт: -Аливаа асуудалд мэргэшил чухал. Яах гэж хуульч бэлтгэж, нарийн мэргэшүүлдэг вэ. Хуулийн ямар ч боловсролг үй хүн орж ирчихээд шүүн таслах ажиллагаанд оролцож, шийдвэр гаргах нь буруу. Ингэснээрээ би иргэдийн төлөөлөгчдийг үгүйсгэж байгаа юм биш. Иргэдийн төлөөлөгчид шүүгчид санал, дүгнэлтээ хэлдэг байх ёстой. Шүүгчид иргэдийн төл өөлөгчдийн саналыг шүүхийн тогтоолд тусгах, эс тусгасан бол яагаад хүлээн аваагүй вэ гэдгээ заавал бичдэг байх учиртай. Иргэдийн төлөөл өгчдийн саналыг шүүхийн шийдвэрт тусгаагүй бол тодорхой хариуцлага хүлээлгэдэг байхаар хуульчлах нь зөв гэж бодож байгаагаа ярьж явав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Ганбаяр: -Монголчууд цөөхүүлээ гэдгээс эхлээд манай нөхцөл өөр шүү дээ. Тухайлбал, Сум дундын шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр хэн оролцох вэ. Суманд ах дүү, хамаатан садан, танил тал хүмүүс амьдардаг. Ийм хүмүүс шүүгчид, шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэх газаргүй хэмээн өөрийнхөө байр суурийг тодорхойлов. Эцэст нь бид “5000 жилийн түүхтэй тус улсын шүүхэд хийж буй шинэтгэл олон жил үргэлжилж байгаа юм байна. Энэ хугацаанд олон зүйлийг туршиж үзжээ. Эцэст нь шүүхийн систем нь зөв голдирол руугаа явж байна. Харин манайд энэ шинэтгэл удаан байна” гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ингээд БНСУ-ын шүүхийн тогтолцоо ямар байдаг, ямар шинэтгэл хийж байгаа талаар дурдъя.
Бидний хамгийн түрүүнд уулзсан хүн бол БНСУ-ын Үндэсний шүүхийн захиргааны дарга байв. Энэ хүн манайхаар бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гэсэн үг. Ялгаатай нь манай Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч даргалдаг. Харин эднийд Дээд шүүхийн аль нэг шүүгч Үндэсний шүүхийн захиргаагаа толгойлох бөгөөд зургаан жилийн хугацаагаар томилогддог юм байна. Энэ хүн шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй. Тэгвэл манай Шүүхийн ерөнхий зөвлөл 14 гишүүнтэй, тэдний 10 нь шүүгч. Ерөнхий зөвлөлийг толгойлдог Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцож, аливаа нэг шийдвэр түүний үгээр гардгийг болиулах гээд байгаа нь Ерөнхийлөгчийн хийх гээд байгаа шинэтгэлийн нэг.
Шүүгчээр 3-4 жил ажилласан хүн Үндэсний шүүхийн захиргаанд ажиллаж болдог. Энд 2-3 жил ажиллаад эргээд шүүхдээ очдог тогтолцоотой аж. Манайд шүүгчийг насаар нь томилдог бол БНСУ-д 10 жилийн хугацаатай ажиллуулдаг. Цааш үргэлжлүүлэн ажиллуулах бол тухайн шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт гаргадаг юм байна. Түүнээс гадна шүүгчийн ажлыг үнэлдэг тусгай шалгуур байдаг аж. Үндэсний шүүхийн захиргааг урьд нь энгийн хүн удирдаж байжээ. Таван жилийн өмнөөс хуульд өөрчлөлт оруулан тус захиргааг шүүгч удирдах болсон нь Дээд шүүхийн хуралд оролцох зэрэг шаардлагаас үүдсэн хэмээн тайлбарлана билээ. Тус улсын Парламент энэ албыг энгийн хүн толгойлох нь зохимжгүй гэж үзсэн гэсэн.
Үндэсний шүүхийн захиргааг энгийн хүн удирдах, шүүгч толгойлох хоёрын сул болон давуу тал юу байгааг бид асуусан ч солонгос нөхөд маань ойлгосонгүй юу, эсвэл өөр шалтгаан байсан уу шууд хариулахаас бултаад байсан. Харин тус улсын Парламентын нэг авууштай нь хууль боловсруулахдаа шүүгчдийн саналыг авдаг юм байна. Тэнд Шүүхийн зөвлөл гэдэг багашаархан байгууллага байдаг аж. Тэд шүүхийн асуудлаар парламентын гишүүдэд зөвлөдөг гэсэн. Манайхнаас ялгаатай нь солонгосчууд шүүгчийг элитүүдийн хашдаг алба хэмээн үздэг юм байна. Тиймээс шүүгч болно гэдэг нэр хүнд төдийгүй өндөр шалгуурыг давдаг. Хуулийн чиглэлээр их, дээд сургууль төгссөнийхөө дараа Төрийн албан хаагчийн адил шүүгчийн сонгон шалгаруулах шалгалт өгдөг. Дараа нь Шүүхийн сургалт, судалгааны институтэд хоёр жил суралцаж төгсөнө.
Энэ сургуулийг төгссөн хүн бүр шүүгч болохгүй. Шүүгч болохоор жилд 25 мянган хүн шалгалт өгдөг ч 1000 гаруйхныг авдаг гэхээр маш их өрсөлдөөнтэй байдаг нь илт. Шүүгчийн цалин төрийн бусад албан хаагчийнхаас бараг хоёр дахин өндөр гэсэн. Гэсэн ч илүү өндөр цалин, хангамж хөөсөн зарим нь хувийн байгууллагад ажиллах болсон гэнэ. Тиймээс олон жил ажилласан, туршлагатай хуульчдыг шүүхэд татах бодлого баримталж байгаа аж. Прокурор, өмгөөлөгчөөр таваас дээш жил ажилласан хүнийг сонгон шалгаруулалтад хамруулан шүүгчээр ажиллуулах болсон байна.
Парламентын гишүүд шүүгч рүү ярих хориотой
Манай УИХ-ын эрхэм гиш үүд үүнийг уншаасай гэж бодож байна. Монголын шүүгч, шүүхийн нэр хүндийг унагаж байгаа гол буруутнуудын нэг нь манай 76 гэвэл маргах хүн нэг их байхгүй л болов уу. Тэд дуртай үедээ ямар ч асуудлаар шүүгчтэй уулзаж, тэр байтугай дарамталж байсан тохиолдол гарч л байсан. Тэгвэл Солонгост өөр байдаг юм байна. Парламентын гишүүн ямар ч асуудал байсан шүүгч рүү ярих нь ёс зүйгүй хэрэг гэж үздэг аж. Зайлшгүй асуудал гарвал туслахаараа дамжуулан бичгээр харилцдаг юм байна шүү. Хэрэв парламентын гишүүн шүүгчтэй харилцсан нь мэдэгдвэл тэр хүний улстөрчийн карерь ганхахад хүрдэг аж. Үүнийг нарийн хуульчилж өгөөгүй ч шүүгчид нөлөөлөх гэж оролдсон гэж үздэг гэсэн. Манайд энэ асуудлыг хуулиар зохицуулахад болохг үй гэх газаргүй. Уншигчид санаж байгаа нь лавтай. Хоёр жил гаруйн өмнө дөө, УИХ-ын нэр бүхий гишүүдийн танхи банди нар хар тамхины хэрэгт холбогдов. Тэднээс хэн нь ч ял шийтгэл хүлээсэнгүй. Тэгсхийгээд дарагдсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн аав нар нь шүүгчид хандаагүй гэвэл түүн шиг худал юм байхгүй. Тэдэнтэй яг адил хэрэг үйлдсэн дуучин хэдэн залуу харин ял авч, торны цаана суусан.
Иргэдийн төлөөлөгчид хавтаст хэрэгтэй урьдчилан танилцдаггүй
Солонгосын шүүх 2008 оноос иргэдийн оролцоотой шүүхийн системийг туршиж байна. 2013 онд туршилтын дүнг хэлэлцэн цаашид яаж сайжруулах вэ гэдгээ хэлэлцэх юм билээ. Сөүл хотын төвийн дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн өгүүлснээр “Иргэдийн оролцоотой шүүх хуралдааны процессыг Америкийн тангарагтны шүүхийн, шийдвэр гаргахдаа Германы иргэдийн шүүхийн хувилбарыг сонгосон” аж. Шүүгдэгч хүсвэл иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралдаанд оролцуулдаг юм байна. Ингэхдээ шүүх хурал болохоос нэг өдрийн өмнө иргэний үнэмлэхний дугаараар нь 100 хүнийг сонгодог. Шүүх хурал болохоос хэдхэн цагийн өмнө тэдний 50-ийг үлдээнэ. Тэгээд прокурортой зөвлөлдөж найман хүнийг иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцуулдаг аж.
Ял эдэлж байсан болон шүүхийн шийдвэр хэрэгжиж байгаа хүнийг иргэдийн төлөөлөгч өөр сонгодоггүй. Төлөөлөгчид шүүх хурлын өмнө хэргийн талаар ярилцдаггүй, хоорондоо танилцах нь хориотой. Иргэдийн төлөөлөгчид шийдвэрээ олонхоороо гаргах бөгөөд тэднийг зөвлөлдөж байх үед өөр хүн байх ёсгүй. Шийдвэрээ иргэдийн төлөөлөгч бүр тусгай дугаараар өгөх бөгөөд хэн ямар шийдвэр гаргав гэдэг нь нууц байдаг юм байна. Хэрэв тэд шийдвэр гаргаж чадахгүй бол шүүгч оролцож болохыг хуульчилжээ. Шүүх хурлын дараа иргэдийн төл өөл өгчид танилцаж болно. Харин хэргийн талаар, шүүхийн шийдвэрийн талаар ярьж, мэдээлж болохгүй. Иргэд шүүхийн иргэдийн төлөөл өгчөөр сонгогдсоныхоо төлөө 50 мянга, шүүх хуралд оролцвол 100 мянган воны урамшуулал хүртдэг. Шүүх хуралд оролцсон хүн таван жилийн хугацаанд дахин иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй.
Аюулгүй байдлыг нь хангах үүднээс иргэдийн төлөөлөгчийн хувийн байдал, оршин суугаа хаяг зэргийг нууцалдаг гэсэн. Сөүл хотын төвийн дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч И Хю До “Иргэдийн оролцоотой шүүх хуралдааныг анх эхэлж хийхдээ иргэдийн төлөөлөгчдийн хууль эрх зүйн мэдлэгт ихэд санаа зовж байсан. Гэтэл үр дүн нь мэргэжлийн хуульч буюу шүүгчийн шийдвэртэй тун ойр гарсанд ихэд гайхсан” хэмээн өгүүлэв. Тус шүүх он гарснаас хойш иргэдийн оролцоотой 20 шүүх хурал хийгээд байгаа аж. Иргэдийн төлөөлөгчдийн болон шүүгчийн шийдвэр 91 хувийн адил гарсан дүн байна. Түүнчлэн ялын хэлбэрийг сонгосон байдал 93,8 хувьтай гарчээ. Нийт шүүсэн хэргийн есөн хувьд иргэдийн төлөөлөгчид ял ногдуулахаас татгалзсанд шүүгч ял төлөвлөжээ. Шүүгч ял ногдуулахдаа иргэдийн төлөөлөгчдийн саналыг авч, шүүхийн эцсийн шийдвэрийг тэднээс хамаарахгүйгээр өөрөө гаргадаг. Гэхдээ тэдний саналыг шүүхийн шийдвэрт тусгаж, шийдвэрийг нь яагаад хүлээн аваагүй вэ гэдгээ заавал дурддаг юм байна
Сүүдрийн шүүх
Сөүлийн төвийн дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд биднийг сууж байхад тэнд оюутан бололтой хэсэг залуу сууж, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг тэмдэглэж байгаа харагдсан. “Тэд юун хүмүүс вэ, хуулийн ангийн оюутнууд уу, эсвэл шүүх хурлыг сонирхон сууж байгаа хүмүүс үү” гэвэл: -Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Сүүдрийн шүүх” хөтөлбөрт хамрагдагсад. Иргэд шүүх хуралд оролцож, өөрсдөө бие даан шийдвэр гаргадаг. Тэгээд өөрсдийнх нь гаргасан шийдвэр шүүгчийнхтэй хэрхэн дүйж байгааг тунгаан ярилцдаг юм. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хөтөлбөр байгаа юм хэмээн дээрх шүүхийн Дотоод ажил хариуцсан ажилтан бидэнд өгүүлэв. Сөүлийн шүүхэд хэрэгж үүлж буй энэ хөтөлбөр манайд хэрэгтэй мэт санагдсан. Иргэдэд биш юм аа гэхэд хуульч болохоор суралцаж буй оюутнуудад зайлшгүй чухал.
Д.ЗАЯАБАТ