Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт хууль бусаар алт олборлож буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанаас болж Орхон гол ихээхэн хэмжээгээр бохирдон, байгаль орчинд ноцтой хохирол учраад байгаа билээ. Энэ хэрэгт холбогдуулж УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямба нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Дээрх хоёр компаниас гадна Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг хүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татжээ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Уг хэрэгтэй холбогдуулж 40 орчим хүнийг сэжигтнээр татаад байна. У.Даш, Ч.Бямба болон Цэнхэр сумын удирдлага, түүнчлэн “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн үйл ажиллагаа явуулж байсан талбайг нөхөн сэргээнэ хэмээн цааш нь бие биедээ худалдаж, хууль бусаар алт олборлосон компанийн эзэд болох 40 орчим хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Хамгийн олон сэжигтэнтэй хэрэг гэж хэлж болохоор байгаа” гэв.
Г.ОРЧЛОН