БНХАУ-аас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хятад иргэд 2010 онд бусдад дээрэмдүүлэн, эд зүйлээ алдан, зодуулж гэмтсээр байв. Хятад иргэд хэрэг гарснаас 2-3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад ханддаг нь гэмт хэрэгтний мөрийг бүдгэрүүлж, тэднийг олоход сөрөг нөлөө үзүүлж байсан юм. Дээрэм хийж, бусдын эд зүйлийг хулгайлж, хүний эрх чөлөөнд халдсан залуус өөрсдийгөө “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийнхэн гэж танилцуулдгаас үүдэн дээрх бүлгэмийн залуус цагдаагийн үүд татахдаа хүрээд байсан аж. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах ”Sеа“ зочид буудалд амарч байсан хятад иргэдийг дээрэмдлээ гэсэн мэдээлэл 03.00 цагт цагдаагийн байгууллагад ирлээ. “Цай уух уу, үйлчлэгч байна” гэж хаалгыг нь цохиход үүдээ нээтэл үл таних залуус дайрч орон, тэднийг дээрэмдсэн байна. Цагдаагийнхан хятад иргэдээс мэдүүлэг авч, ам зураг гаргажээ.
Хятадын иргэн Шин, Шиан, Лин нар “Баг зүүж, хар бээлий өмсс өн, 160-180 см өндөр, хар хувцастай таван залуу биднийг дээрэмдсэн. Бидэнд 4350 юань, 1.2 сая төгрөг байсныг аваад мөн гар утсаа өгөхийг шаардсан. Хоёр утсаа өгс өн” гэж мэдүүлжээ. Тэр шөнөдөө нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл тарааж, шуурхай эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан ч хэрэгтнүүдийг олж чадсангүй. “Бүлэг залуусын дээрмийн хэрэг” гэх хавтаст хэрэг нэгээр нэмэгдэн, эзэн холбогдогчийг нь олох ажил үргэлжилсээр байв. Гэтэл төд удалгүй Хан-Уул дүүргийн нутагт барилгын манаач хятад иргэний амь нас хохирсон хэрэг гарлаа.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн барилгачин хоёр залуу, манаач 52 настай Л нар хэрэг гардаг орой хамт хонохоор болжээ. Гэтэл шөнө дунд нохой хуцаж, хүмүүс ярих чимээнээр манаач гарчээ. Хятад иргэдийг дээрэмдэж гаршсан залуус мөнгө өгөхийг шаардахад халаасанд байсан мөнгөө өгчээ. “Та нар ийм бага мөнг өтэй байгаа байх даа. Монголын газар шороог бузарласан новшнууд. Хадгалсан мөнгөө өг” гээд зодож мөнгө, эд зүйлийг аваад явжээ. Цагдаад мэдэгдчихэж магадгүй гэхдээ хятад иргэдийг хүлснээ гэмт хэрэгтнүүд мэдүүлжээ. Манаач Л эсэргүүцэхэд хоолойг нь боомилон ухаан алдуулаад хүлсэн гэнэ. Гэтэл ахимаг настай тэрбээр амь насаа алдсаныг тухайн үед тэд мэдээгүй өнгөрчээ.
Өглөө нь цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж, гэмт хэрэгтнийг мөрдөх ажлаа эхлүүллээ. Нийслэлийн гурван дүүрэгт дөрвөн удаа хятад иргэдийг дээрэмдсэн хэрэг гарсан нь цагдаагийнхны анхаарлыг татаж, “Бүлэг хүмүүс гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн таамаг дэвшүүлж Ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн юм. Бүлэглэн дээрэм хийж, хүний амь хөнөөсөн залуус гурав хоногийн дотор баригджээ. Тэд гэм буруугаа хүлээж “Харийнхныг үзэн яддаг. Эх орноосоо явуулахын тулд ийм зүйл хийсэн. Хүн алъя гэж бодоогүй” гэж мэдүүлжээ. Энэ хэрэгт 22-28 насны арван залуу холбогдоод байна. Тэднээс Н, Х нар нь хүний амь нас хөнөөсөн хэрэгт, бусад нь эрүүгийн хуулийн 145.3, 147.2, 147.3, 181.2-т зааснаар ял сонсоод байна.
Тэдэнд анхан шатны шүүхээс 5-8 жилийн хорих ял оноосон ч Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Өнгөрсөн сарын 15-нд Нийслэлийн шүүх тэдний хэргийг хэлэлцэх байсан ч хохирогчийн талаас хүн ирээгүй, өмгөөлөгч нь хурал давхацсан учир хойшлуулжээ.
Х.Сүрэн