Өнгөрсөн сарын эхээр Сүхбаатар дүүрэгт байрлах PC тоглоомын газарт хүн амины хэрэг гарсан нь олныг цочоосон. Өвөрхангай аймгийн харьяат Ц-г найз С нь буудаж хөнөөгөөд дараа нь өөрийгөө егүүтгэсэн гэдгийг цагдаагийнхан тогтоогоод байна. Талийгаач С найз Б-дээ “Би найзыгаа буудчихлаа” гэсэн мессеж явуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Мессеж хүлээн авч, цагдаад дуудлага өгсөн Б-тэй уулзаж ярилцлаа.
-Чи талийгаач хоёр залуутай хэр дотно байв. Та нар хэзээнээс бие биеэ мэдэх вэ?
-Бид Өвөрхангай аймгийн төвийн хүүхдүүд. Талийгаач С Төв аймагт төрсөн ч Өвөрхангайд арван жил төгссөн. С-тэй нэг ангийнх. Бид хоёр тавдугаар ангиасаа найзалсан. Харин Ц-тэй мэнд мэдээд л өнгөрдөг байсан. Тэр манай дээд ангид сурдаг байсан юм.
-Тэд хамтарч PC тоглоомын газар ажиллуулж байсан юм уу. Мөнгөний асуудлаас болж ийм хэрэг өдүүлсэн байж болзошгүй гэсэн таамаг байгаа юм билээ?
-Талийгаач Ц эхнэр, хүүхэдтэй. Ажлаа хийхийн хажуугаар PC тоглоомын газар ажиллуулдаг байсан юм. С-ийг өнгөрөгч нэгдүгээр сараас ажилд авсан. Би хааяа ажил дээгүүр нь очдог байсан болохоор тэр хоёрыг ямар харилцаатай, мөнг ө төгрөгийн асуудалтай эсэхийг нь мэдэхгүй юм.
-С хэдэн төгрөгийн цалин авдгаа чамд хэлж байсан уу?
-PC тоглоомын газарт ажилладаг залуус 300 орчим мянган төгрөгийн цалинтай байдаг гэсэн. Ажилд орсных нь дараа уулзахад 250 мянган төгрөгийн цалинтай гэж хэлж байсан.
-Чамд “Ц-г буудчихлаа” гэсэн мессеж явуулсан гэсэн. Чи тэр даруй ирж уулзсан уу. Ер нь тэдэнтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан юм бэ?
-Би мессежийг уншаад итгээгүй. Миний найз тийм зүйл хийх хүн биш гэж бодсон. Итгээгүй ч PC тоглоомын газарт нь очсон. Үүдээ тайлж өгдөггүй. Тэгэхээр нь арын цонхоор нь хартал С-ийн царай цонхийгоод хачин болчихсон “Би хүн алчихлаа, эндээс яв” гээд орилоод байсан. Тэр л бидний сүүлчийн уулзалт байж, хөдөөлүүлэхэд нь оролцлоо. Харин Ц-тэй хэзээ уулзсанаа санахгүй байна.
-Тэр үед чи найзыгаа тайвшруулах гэж оролдсон уу. Тухайн үед Ц амьд байсан юм биш байгаа?
-Оролдолгүй яахав, “Хаалгаа онгойлго, ингэж болохгүй” гэж зөндөө хэлсэн, гуйсан. Цонхоор юу ч харагдаагүй. Одоо бодоход буудсаныхаа дараахан надад тэр мессежийг бичсэн байх. Тэгээд л яах учраа олохгүй орилоод байж.
-Хэргийн газарт буунаас гадна өөр ямар зүйл байсан бэ. Чи харсан уу?
- Би сайн хараагүй. Манай найзад буу байхгүй гэдгийг мэдэх юм.
-Тэр хаанаас буу авсан юм бол. Бусдаас худалдаж авлаа гэхэд тийм хямд биш. Буу авах хэмжээний мөнгө байсан юм болов уу?
-Тэр буу нь ямар ч бичиг баримт, бүртгэлгүй байсан. Миний бодлоор цалингаараа л авсан байх.
-Авсныг нь чи мэдэж байгаа юм уу?
-Мэдэхгүй л дээ.
-Чи хэзээ цагдаад мэдэгдсэн юм бэ?
-Нэг өдрийн дараа. Тодруулбал, есдүгээр сарын 5-нд С-тэй уулзаад, маргааш нь цагдаад хэлсэн.
-Талийгаач С хаана, хэнтэйгээ амьдардаг байсан юм бол. Сэтгэл санааны хувьд тавгүй байгаа нь чамд мэдрэгдсэн үү?
-Аав, ээж нь Төв аймагт амьдардаг юм. Харин өөрөө хотод, эгчтэйгээ хамт байж байгаад сүүлдээ ганцаараа амьдрах болсон. Ар гэрийнхэнтэйгээ сүүлийн хэдэн сар холбоогүй байгаа нь надад анзаарагдаж байсан. Сэтгэл санаа нь гайгүй л байсан шиг санагдах юм. Faсebook дээр бичсэн зүйлийг нь уншсан. Амиа хорлох талаар олон зүйл бичсэн байна билээ. Одоо эргээд бодоход сэтгэл санаа нь тайван бус байсан юм болов уу гэж санагдах юм. Уг нь суурь хүмүүжил сайтай залуу. Яагаад ийм хэрэг үйлдсэнийг нь бодоод олохгүй нь.
Х.ОЮУНСҮРЭН