МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, төсвийг хэрхэн тодотгох талаар мэдээлэл өгсөн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “Энэ удаагийн төсвийн тодотгол гурван зүйлд чиглэж байгаа. Тодруулбал, үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцыг тодорхой түвшинд барих, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжүүлэх зорилготой. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн зарим шатны албан хаагчийн цалинг нэмэх гэх мэт зохицуулалт хийхээр ярилцаж байгаа. Тодотголын төслийг энэ лхагва гарагт Засгийн газраас өргөн барина. УИХ ирэх долоо хоногтоо багтаан батлах байх” хэмээн онцолсон.
Мөн тэд хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АНУ Украинд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” гэх мэдээллийн талаар Гадаад харилцааны сайдаас тайлбар авчээ. Түүнчлэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярилцсан аж. Ингэхдээ авлига, албан тушаалын болон хүүхэд хүчирхийлсэн, эдийн засгийн гэмт хэргийн ялыг чангатгахаар төлөвлөж буйг Засгийн газраас танилцуулжээ. Энэ талаар олонхын бүлгийнхэн ойрын үед дахин ярилцахаар болсон байна.
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хэмнэлтийн бодлогыг төсвийн тодотголын хүрээнд хэрхэн хэрэгжүүлэхээр ярилцсан бэ?
-520 орчим тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгө оруулалтаас хасахаар төлөвлөж байна. Энэ нь 2022 оны нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг нь хасна гэсэн үг. Орон нутгийн хөрөнгө оруулалтуудыг ч хасахаар ярилаа. Нэгэнт хэмнэлтийн горимд шилжих гэж байгаа учраас импортыг багасгаж, валютын эрэлтийг бууруулах ёстой. Нөгөө талаас яамдын урсгал зардлыг танах саналд ялгавартай хандах ёстой. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард бүх байгууллагын урсгал зардлыг дунджаар 15 хувиар хассан. Үүнтэй холбоотойгоор зарим байгууллагын төсөв, мөнгө хүрэлцэхгүйгээс болж үйл ажиллагаа нь доголдсон. Тиймээс одоогийн тодотголын хүрээнд байгууллага тус бүрт нь судалгаа, тооцоотой хандана.
-Хөрөнгө оруулалтуудыг хэзээнээс зогсоох вэ?
-Тавдугаар сарын 1-нээс зогсоохоор төлөвлөсөн. Ер нь энэ удаагийн тодотголыг нийт 800 орчим тэрбум төгрөгийн хүрээнд хийх юм. Хэвлэлээр шүүмжлээд байгаа бүх хөрөнгө оруулалтыг хасаж, санхүүжилтийг нь хойшлуулж байгаа
-Ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаах тухайд танай бүлгийн гишүүд санал нэгдсэн үү?
-Буцаан олголтыг байгууллагад бус, ажилтанд өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ нь иргэнийхээ орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа хэрэг.