ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан төрийн өмчийг шамшигдуулсан хэрэгт холбогдсон тэргүүн комиссар П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж эхэллээ. Хэргийг тус шүүх 11.00 цагт хэлэлцэхээр товлосон байсан ч 14.00 цаг хүр тэл хойшлуулсан юм. Учир нь шүүгдэгч П.Дашийн өмгөөлөгч Г.Ганбаатар шүүх хурал давхцсан гэсэн шалтгаанаар оройтож ирлээ.
Хурал 14.40 цагт эхэлсэн ч улсын нууцад хамаарах баримт хэлэлцэнэ гээд шүүх бүрэлдэхүүн хаалттай хийхээр шийдвэрлэсэн юм. ОБЕГ-ын улсын нөөц бүрдүүлэх ажиллагаа, нөөцийн агуулахын байршил зэрэг нь нууцад хамаардаг. Шүүх хурлыг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч П.Туяат даргалж, улсын яллагчаар нийслэлийн прокурорын газрын прокурор О.Мөнхбаатар, шинжээч Б.Алтантуяа, Д.Ижилмөрөн болон өмгөөлөгч, гэрч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэж байна.