МХЕГ-аас Төв, Завхан, Хөвсгөл, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааг шалгаж, 265 хүнд олгож байсан 95.4 сая төгрөгийн тэтгэмжийг ямар ч үндэслэлгүй гэж үзээд зогсоосон байна. Энэ нь дээрх хүмүүсийн 2011 оны зургадугаар сар хүртэл авч байсан тэтгэмжийн хэмжээ аж.
Орон нутагт ажилгүйдэл их, цалин орлого бага байдгаас хүмүүс хөдөлмөрийн чадвараа алдсан гэж хувь тогтоолгох, тахир дутуугийн тэтгэмжийн мөнгийг амьжиргааны эх үүсвэр болгох үзэгдэл газар авсныг ч илрүүлсэн байна. Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн төвийн дарга Ж.Баасандашаас тодрууллаа.
-Тэр хүмүүсийг хэн, ямар шалтгаанаар тэтгэмжид хамруулсан юм бол?
-265 хүн 95.4 сая төгрөгийн тэтгэмж улсаас зүгээр л авсныг дөрвөн аймгийн арав хан суманд шалгалт хийгээд илрүүллээ. Да хиад хэчнээн аймагт ийм зөрчил байгааг шалгана. Гэхдээ бид арга хэмжээ авдаг эрх мэдэлтэй байгууллага биш шүү дээ. Төв, Завхан, Хөвсгөл, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст улсын байцаагчийн албан шаардлага хүрг үүлсэн. Түүнчлэн энэ шалгалтын талаар МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд НХХЯ, ЭМЯ, ХХҮГ, НДЕГ-т албан тоот явуулсан. Дээрх газрууд тэдэнд ямар арга хэмжээ авснаа бидэнд мэдэгдэх ёстой. Зарим хүний тэтгэмжийн мөнгийг буцаан төлүүлэх хүртэл арга хэмжээ авах байх. Энэ бол торгоод орхиж боломгүй ноцтой асуудал.
-Ямар учраас ийм их зөрчил гарах болов?
-Эмнэлэг хяналтын комисс болоод сумын эмч нар ах дүү, танил талаа харгалзан байнгын асаргаа шаардлагагүй хүмүүст тэтгэмж олгохоор тодорхойлж, тэрийг нь сумын амьжиргааг дэмжих зөвлөл ямар ч үндэслэлгүй баталдаг юм байна. Энэ нь халамжийн байгууллагын дотоод хяналт муу байгаатай холбоотой. Тэтгэмж жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй, нэлээд хэсгийг нь арга зальтай хүмүүс дундаас нь завшдаг нь тодорхой боллоо. Энд сонгуулийн амлалт зэргээс үүдэлтэй улс төрийнхний оролцоо ч байхыг үгүйсгэхгүй. Төв аймагт 41, Хөвсгөлд 137 ахмад настан үндэслэлгүйгээр тэтгэмж авч байсан.
Л.ГАНЧИМЭГ