Энэ долоо хоногийн хамгийн том дуулиан бол Англид нэг жил хоригдсон Б.Хурц эх орондоо эрх чөлөөтэй болон буцаж ирсэн явдал байлаа. Дэлхийн бү хий л мэдээллийнхний анхаарлын төвд бүтэн жилийн турш байсан Монголын “Супер тагнуулч”-ийн хүн хулгайлсан гэх хэрэг түүний эрх чөлөөтэй болж байгаагаар дуусахгүй нь бололтой. Учир нь Ройтерс, CNN, ВВС, Синьхуа энэ талаар дахиад сонирхож эхэлжээ. Тухайлбал Синьхуа “... Б.Хурцыг 2003 онд Европт дүрвэж гарсан Монголын иргэн Д.Энхбатыг тусгай даалгавраар хулгайлсан хэрэгт буруутган 2010 оны есдүгээр сард албан ажлаар Лондонд очиход нь баривчлан хорьсон юм.
Түүнийг энэ оны наймдугаар сарын 19- нд Англиас Германы талд шилжүүлсний учир нь эдүгээ ХБНГУ-ын иргэний харьяа лалтай болсон Д.Энхбатын хүүхдийн Б.Хурцын эсрэг гаргасан гомдол байлаа. 1998 онд Монголын нөлөө бүхий нэгэн улстөрчийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэн Д.Энхбатыг Европоос хулгайлан Монголд авчирч шоронд хорьсны улмаас түүний хүнд өвчин сэдэрч, 2006 онд нас барсан бөгөөд энэ үхэлд Б.Хурцын ахалсан тусгай ажилтнууд буруутай гэсэн гомдлыг Д.Энхбатын хүү нь Германы шүүхэд гаргаад байсан юм. Гэтэл Б.Хурц энэ сарын 22-нд Германы шоронгоос суллагдан эх орондоо буцаж ирлээ.
Тэрбээр Берлин-Сөүл маршрутаар буцахдаа БНСУ-д өнжиж, эмнэлгийн үзлэгээр орсон байна. Харин Улаанбаатарт түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор угтжээ. Монголын албаныхан энэ үйл явдлыг нарийвчлан тайлбарлахаас татгалзаж байгаа нь ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийх албан айлчлалтай холбоотой бололтой” гэж мэдээлжээ.
Ш.АЛТАЙ