Жагсаал, цуглааны үеэр зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан хүмүүсийг баривчилсан талаар өчигдөр Тагнуулын ерөнхий газраас мэдээлэв. Тэд нэр бүхий улстөрчид, АН-ын нөлөө бүхий гишүүдийн биед халдахаар төлөвлөж байсныг ч хэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
Ч.Өнөрбаяр “Монгол Улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө явсан улстөрчдийг шоронд хийх схемийг зурсан хүн бол өмгөөлөгч Б.Баасанцогт. Тэр хүн Монголын төрийн тамгыг атгаж байсан хүнтэй холбогдсон нь ч тогтоогдсон. Төрийн нүд, чих болсон тагнуулын байгууллага хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байх гэж найдаж байна. Энд гаднын гар, хөл ажиллаад байна. Монголын төрийг хүчгүйдүүлж, өөр хооронд нь талцуулах гэсэн бодлого хэрэгжүүлээд байна. Эрх баригч нам нь зохион байгуулаад сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөсөн болгож харагдуулдаг технологиор цөөн хэдэн улс л ажилладаг. Энэ бол монгол технологи биш. Сүүлийн 30 жилд АН, МАН засгийн эрхийг ээлжлэн барихдаа хоорондоо хэзээ ч төмөр сэлмээр тулалдаж байгаагүй. Яагаад гэвэл, тэд энэ төр, засгийн тулах хоёр багана нь юм. Магадгүй модон сэлмээр тулалдаж байсныг үгүйсгэхгүй. Монголын нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж, парламентат ёсыг нь үнэгүйдүүлэх гэсэн гаднын бодлого хүчтэй байгаагийн илрэл нь энэ явдал боллоо. Үзэл санааны хоригдол байсаар буй нь ч үүнтэй холбоотой. Хорих гээд дийлэхгүй болохоороо хөнөөх гэж буй юм байна. Эцэст нь эрх баригч нам үүнийг хийлээ гэж зарлаад, энэ орон зайд нь дарангуйлагч төрдөг” гээд АН-ын нэр бүхий лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалахыг шаардав. Үүнийгээ холбогдох байгууллагад нь албан ёсоор илэрхийлнэ гэлээ.
Бэлтгэсэн: У.НАРАН