Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, тавдугаар сургуулийн өмнөх замд уржигдар 16.00 цагийн үед дөрвөн хүүхэд, хоёр том хүн автомашинд дайруулсан хэрэг гарлаа. Дайруулсан хүмүүсийн нэг нь ой хүрээгүй нялх хүүхэд байсан гэнэ. “Тоёота Ранкс” маркийн улсын дугааргүй автомашины жолооч уг хэрэг хийгээд зугтжээ.
Олон хүн дайрсан ослыг харсан жолооч нар түүний араас хөөж, хаана очсоныг нь Замын цагдаагийнханд мэдээлснээр жолоочийг саатуулсан байна. Осол гаргах үедээ уг жолооч ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй, автомашин нь бүрэн бүтэн байсан аж. Тэрбээр цагдаагийнханд “Хажуу талын машинаа харж яваад осол гаргасан. Тухайн үедээ маш их сандарсан учраас зугтсан” гэж тайлбарлажээ.
Г.ОРЧЛОН