Энэ долоо хоногийн эхний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын тухай шинэ мэдээллээр эхлэв. Английн шүүх түүнийг гэм буруутай гэж үзээд ХБНГУын талд шилжүүлсэн. Гэтэл Германы мэдээллийн сайтууд “Монголын тагнуулч Б.Хурц батлан даалтад гарлаа. Эх орондоо буцах эрх олгов” гэсэн мэдээ цацсаар байв. Засгийн газраас томилсон Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэрхүү мэдээллийг “Огт үндэслэлгүй зүйл. Монголын тал өмгөөлөгчөө сонгосон. Энэ сарын сүүлчээр шүүх хурал болно” хэмээн үгүйсгэсэн. Гэтэл энэ нь худал болохыг өчигдрийн үйл явдал баталлаа.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоцоор өчигдөр 15.05 цагт эх орондоо ирлээ. Бүрх малгай духдуулсан Б.Хурц эх орондоо ирсэндээ маш их баяртай байгаа нь илт байв. Б.Хурц эхнэр Я.Сарнайгийн хамт ирсэн бөгөөд түүний аав Л.Бат, хүүхдүүд, ойр дотнынхон нь нисэх буудалд ирээгүй. Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай холбогдон шүүх хурал болсон эсэх, ямар үндэслэлээр сулласан болохыг тодрууллаа.
-Саяхан Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Б.Хурцын шүүх хурал ирэх сарын сүүлчээр болно гэж мэдээлсэн. Гэтэл өнөөдөр (өчигдөр) эх орондоо ирлээ.
-Б.Хурц эх орондоо ирсэн нь үнэн.
-Германы тал гэм буруугүй гэж үзсэн үү. Зарим эх сурвалж батлан даалтад гаргаад явуулсан гэх юм?
-Ирсэн нь үнэн. Дэлгэрэнг үй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөг өөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой холбогдлоо.
-Б.Хурц өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг батлан даалтад гаргаад түр эх орон руу нь явуулсан юм уу, эсвэл бүр суллаад явуулсан уу?
-Хоёр улсын хууль эрх зүйн байгууллагын хооронд хэлэлцээд шийдсэн. Бид ямар ч мэдээлэлгүй байна. Б.Хурц эх орондоо очсон нь сайн хэрэг биш үү. Суллаад явуулсан уу, батлан даалтад гаргасан уу гэдгийг хэлж мэдэхгүй юм гэв. Дашрамд дуулгахад энэ үйл явдлыг шуугиан болгохгүй байхыг ХБНГУын талаас хүсчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ажилдаа шууд ороорой” гэсэн тухай Б.Хурц найзууддаа ярьжээ. Эцэст нь харийн нутагт баривчлагдан, хоригдсон иргэнийхээ эрх ашгийг хамгаалах талаар Гадаад харилцааны яам ихээхэн хүчин чармайлт гаргаж, үр дүнд хүрсэнд талархах хэрэгтэй болов уу.
Х.ОЮУНСҮРЭН