Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхэд, хөгшдийг гэртээ байхад нь дайран орж дээрэмдсэн хоёр ч хэрэг гарлаа. Сонгинохайрхан дүүргийн XII хороонд амьдардаг 78 настай Ч-г өнгөрсөн ням гаригийн 21.30 цагийн орчимд гэртээ ороход араас нь үл таних залуу дайран хоолойг нь боомилон, алтан бөгж, гар утсыг нь дээрэмджээ.
Хохирогч цагдаагийнханд дээрэмчний талаар “165-170 см орчим өндөртэй, махлагдуу бор царайтай, хар бараан хувцастай 25-30 орчим насны залуу байсан” гэж хэлжээ. Мөн Баянзүрх дүүргийн XIX хороонд амьдардаг 14 настай охиныг гэртээ ганцаараа байхад хаалгыг нь тогшиж, “Эрчим хүчний байцаагч байна. Цахилгааныг чинь шалгах гэсэн юм” хэмээжээ. Охин хаалгаа тайлтал гэмт этгээд дайран орж, гар хөлийг нь хүлээд гэрээс нь мөнгөн аяга, зөөврийн компьютерийг нь авч одсон байна.
Г.РАВЖАА