АТГ-ын ажилтнууд хэд хэдэн аймгийн Төрийн сангийнхан албан тушаал эрх мэдлээ урвуулж, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж байсныг илрүүлэн шалгасан. Гэвч зарим нь шүүхээр шийдвэрлэгдэлгүй өдий хүрч байна. АТГ-ын ажилтнууд илрүүлэн шалгасан хэргээ цаашид гаргуулахгүйн тулд тухайн аймгийн холбогдох албан тушаалтнуудад мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлдэг журамтай. Үүнийхээ дагуу ямар ажил зохион байгуулж шалгадаг. Саяхан тус газрын Ажлын хэсгийнхэн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар ажил хийж байгаатай танилцжээ.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн А.Энхтөр нь албан тушаалаа урвуулан, тус аймгийн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн нягтлан бо догч О.Батхишигтэй тохиролцон, түүний хуурамчаар үйлдсэн санхүүгийн бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийжээ. Ингэснээр тус сургуулийн цалингийн болон бараа материалын зардал, төлбөртэй ангийн сургалтын төлбөрөөс нийт 97 сая гаруй төгрөг авч, хувьдаа ашигласан байна. Энэ хэрэгт нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг шүүхээр шийдвэрлэж тус бүрт нь дөрвөн жил хорих ял оноожээ. Түүнээс гадна Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Нарангэрэл гэдэг эмэгтэй мөн л татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг төрийн халаасанд гар дүрж, ашигласан нь дээрх хэргийг шалгаж байхад илэрсэн юм. Ийнхүү нэг нь нөгөөгөөсөө улбаалсан энэ хэрэгт ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч Г.Урантуяа гэдэг эмэгтэй мөн холбогдсон. Тэд эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн сангийн мөнгийг зарцуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэнэ.
Энэ гэмт хэргийг гарахад тус аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд тавих удирдлагын хяналт сул, бэлэн мөнгө олгох банкны чекийг хэд хэдэн төсвийн байгууллагын мөнгийг нэгтгэн бичдэг, эргэлзээтэй санхүүгийн баримтыг нягтлан шалгадаггүй, сургуулийн удирдлагаас санхүүгийн гүйлгээ хийх бичиг баримтад гарын үсэг зурахдаа нарийвчлан үзэж хянадаггүй, бэлэн мөнгөний чекээр банкнаас мөнгө авахдаа сургуулийн нярав нь хариуцсан чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар шаардлага тавьдаггүй нь нөлөөлсөн хэмээн мөрдөн байцаагчид дүгнэжээ. Ингээд дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байх үүднээс тодорхой арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ганболд, тус аймгийн 14 дүгээр сургуулийн захирал А.Сэлэнгэбаатар нарт хүргүүлсэн байна.
Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар Д.Мөнх-Эрдэнийг томилж, хэрэгт шалгуулсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ажлаа хүлээж авснаас хойш Орхон аймгийн хэмжээнд төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарын гарын үсгийг шинэчлэн баталгаажуулсан аж. Мөн хэд хэдэн байгууллагын бэлэн мөнгийг нэгтгэн бичдэгийг хязгаарлаж, боловсролын байгууллагуудын санхүүжилтийн хуваарийг Боловсрол, соёлын газраар батлуулсны дагуу төсвийн мэргэжилтэн зарцуулахын зэрэгцээ Төрийн сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, гүйлгээний журналыг өдөр тутам хөтөлдөг болоод байна. Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн дотоодод мөрдөх журам, шийдвэрүүдийг шинэчлэн боловсруулж, багш, ажилчдын цалинг бэлэн бусаар олгож эхэлжээ.
Г.ЦОЛМОН