“Зоос” банк дампуурч, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироосон хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий болон Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн тэргүүтэй хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэх болов. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Ш.Чуданжий нарт холбогдох хэргээс “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг нь тусгаарлажээ.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан, 156 дугаар зүйлд заасан Банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Ингээд аль шүүхээр шийдвэрлүүлэх харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн шүүх энэ долоо хоногт багтаан Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүхийг тогтоох юм байна.
Тэднийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн тус банкны их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж буй аж. Бүр тодруулбал, гадаадын банкинд тодорхой хэмжээний хүүтэй мөнг ө байршуулж, хүүг нь хувьдаа завшдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Г. ЦОЛМОН