2008 оны долдугаар сарын 1. Энэ өдөр сүүлийн 60 гаруй жил дарийн утаа үнэрлэж үзээгүй монголчууд буун дуу сонсож, сархадад халамцсан залуус араатан лугаа авирлахыг харсан. Олноор нь хоморголон саатуулж, эрүүдэн шүүсэн гэх хатуухан шүүмжлэл, зэм хүртсэн ч цагдаагийнхан мөрдөн байцаалтын ажлаа үргэлжлүүлсээр үймээнд оролцсон иргэдийн асуудал 2010 онд дууссан ч одоо хэр нь эцэслэн шийдэгдээгүй байна. Таван хүний амь хохирсон хэрэгт цагдаагийнхныг буруут гасан хавтаст хэрэг өдгөө 25 болжээ.
Тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан М.Ганбаатар, Эргүүл хамгаа лалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалдаа хайнга хандсан гэх хуулийн зүйл заалтаар буруутган эрүүгийн хэрэгт татаад удаж байна. Гурван жил гаруй шалгасан энэ хэргийн мөрдөн байцаалт шувтрах дөхөж байгаа бололтой. Саяхнаас Нийслэлийн прокурорын хяналтын прокурор С.Энхбат мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж эхэлжээ.
ХАР ТЕНТЭЙ, ХАР МАШИН ХААНАХЫНХ ВЭ
Таван хүний амь нас хохирсон хэрэгт хэн буруутайг тогтоох боломжгүйг албаны эх сурвалж хэлж байна. Энэ хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын хоёрдугаар тасгийн олон ажилтныг саатуу лан шалгасан. Тэд “Байлдааны сум тараагаагүй. Бид сүүлийн хэдэн жил байлдааны сумаар дадлага хийгээгүй” гэж мэдүүлдэг. Харин хавтаст хэрэгт байлдааны сум тараасан тухай баримт байгаа эсэхийг хэлэх хүн алга.
Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигт иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах шаардлагатай үед галт зэвсэг хэрэглэж болно гэж зааснаас гадна, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон бол галт зэвсэг хэрэглэх эрхтэй” гэж заасан учир буруутай гэж үзэх үндэслэлгүй аж. Үймээнийг намжаах, нийтийн эмх зам ба раагүй байдлыг таслан зогсооход Нийслэлийн цагдаагийн хүрээний алба хаагчид бараг бүгдээрээ оролцсон. Тэдний хэн нь буудсан, хэний буудсан сум хэнийг оносон болохыг тогтоох ямар ч боломжгүйг эх сурвалж хэлж байгааг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхны гурван жил мөрдөөд тогтоож чадаагүй нь гэрчилж буй.
Долдугаар сарын 1-ний орой Клиникийн төв эмнэлгийн эмч нар анхаарал татсан мэдээлэл хийснийг санаж байгаа байх. Тус эмнэлгийн өмнө хар тентэй, гял гар хар машинтай хүмүүс зугтаж байсан нэг иргэнийг буудсан гэж тэд мэд үүлсэн. Энэ машин хэнийх байв. Цагдаад ийм машин бий юү гэдэг асуудлыг одоо хэр нь мухарлаж чадаагүй. Нэг бус эмч энэ үйл явдлыг харсан ч машиныг олоогүй байна.
Манай улсад галт зэвсгийн бүртгэл хийдэг ч үнэн бодит мэдээлэл хомс, иргэдийн гар дээр байгаа зэвсэг, галт хэрэгслийг тэр бүр бүрэн бүртгэж чаддаггүй нь мөрдөн шалгах ажиллагааг удаашруулахад нөлөөлсөн юм. Хавтаст хэрэгтэй танилцсан хүмүүстэй уулзахад баримтаар нотлох боломжгүй энэ мэт олон зүйл байгааг хэлэв. Ээдрээ төвөгтэй хэргийг ганцхан прокурор хянаж байна. Юутай ч олныг цочирдуулсан энэ хэргийн мөрдөн шалгах ажил дуусах дөхөж, 2012 оны УИХын сонгуулийн өмнө шийдэгдэх бололтой.
Х.ОЮУНСҮРЭН