Таван сартай охиныхоо чихрийн хордлогыг эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд нэгэн эмэгтэйд хулгайлуулсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Хулгайлагдсан охиныг Номин-Эрдэнэ гэдэг, хэрэг гарсан өдөр буюу тавдугаар сарын 24-ний үед таван сартай байжээ. Б.Одончимэгийг Сэлэнгэ аймгийн Түнхэл дэх гэр бүлийнхэндээ мөнгөгүй болсон, хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэдгээ утсаар хэлж байхад хажууд нь зогсож байсан Наранчимэг гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй ээж охин хоёрыг хоолонд оруулж. Улмаар гэр рүүгээ дагуулан таксинд сууж явсаар Сонгинохайрхан дүүргийн I хорооллын 20 дугаар байрны гадна ирж буусан аж.
Нялх охиныг нь тэвэрсэн эмэгтэй ээжийг нь дэлгүүр рүү хүнсний зүйл авчруулахаар оруулж, өөрөө тэр хооронд нь сураггүй алга болсон юм. Тухайн үед Б.Одончимэг Төмөр замын Цагдаагийн хэлтэст хандаж, улмаар харьяаллын дагуу хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн аж. Цагдаагийнхан Б.Одончимэгийн мөрөөр шалгалт явуулахад хүүхдээ үл таних эмэгтэйд алдсан нь явсан маршрут, Б.Одончимэгийг хүүхдээ тэврээд явж байхыг харсан гэрчүүд, орон нутгийн цагдаагийн байгууллагын шалгалтаар батлагдсан. Гэвч хүүхдийг хулгайлсан эмэгтэйг хаанахын хэн болох, ямар зорилгоор хүүхдийг нь хулгайлсныг тогтоож чадаагүй байна.
Хүүхэд хулгайлсан эмэгтэй нь 35- 40 орчим насны, дунд зэргийн нуруу, богино шулуун үстэй, тухайн өдөр хар өнгийн өмд, цамц, бор өнгийн нүдний шилтэй явсан гэдэг. Харин НоминЭрдэнэ охин тэр өдөр ягаан өнгийн хослолтой байсан аж. Охин хулгайд алдагдахдаа таван сар гарантай байсан бол одоо есөн сар гаруйтай болсон байх учиртай. Охины содон шинж тэмдэг нь баруун талын чихэндээ тод хар мэнгэтэй, нүүрэн дээрээ чихрийн хордлогын сорвитой, гарын алгандаа мэнгэтэй.
Хууль хяналтын байгууллагынхан үр хүүхэдгүй хүн хүүхдийг хулгайлсан байж болзошгүй гэж үзэж байсан. Нэлээд хэдэн сарын турш эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа ч сэжигтнийг олоогүй тул хэргийг түдгэлзүүлэхээр болсон байна.