2005 оноос хойш ярьсны эцэст манай улс БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай” гэрээнд өнгөрсөн зургадугаар сард гарын үсэг зурсан. Энэхүү гэрээг батлахаар хоёр тал ажиллаж байгаа бөгөөд манайх УИХ-аар хэлэлцүүлэхээр сар гаруйн өмнө өргөн барьжээ. Энэ талаар ХЗДХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Нарантуяагаас тодрууллаа.
-Хятадтай ялтан солилцох асуудал юу болж байна вэ. Ямар тохиолдолд шилжүүлэхийг зөвшөөрдөг юм бэ?
-БНХАУ-тай олон жил хэлэлцсэний эцэст энэ гэрээг байгуулсан шүү дээ. Хятадын талд ийм гэрээ хийх сонирхол байдаггүй. Ямар ч гэсэн гэрээгээ УИХ-д өргөн барьсан болохоор удахгүй батлах байх. Дээрх гэрээнд тухайн хүний ял нь шилжүүлэх гэж байгаа улсын хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох, ялын үлдсэн хугацаа нэг жилээс доошгүй байх гэхчилэн заалтууд бий. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө шилжих хүсэлт гаргаад, өргөдлөө аль ч талд өгч болно. Бас эрүүл мэндийн шаардлагаар ар гэрийнхэн нь тийм хүсэлт гаргаж болдог. Ялтны хүсэлтийг Хятадын тал зөвшөөрсөн нөхцөлд манай яам бүх мэдээллийг нь авчруулж, шүүх, прокурор зэрэг холбогдох газруудад ханддаг.
-Шилжүүлж авсан ялтан хэд байгаа вэ. Шилжих хүсэлтэй иргэн олон уу?
-Ер нь бол манай иргэдээс тийм хүсэлт нэлээд ирдэг. Энэ гэрээнээс өмнө дипломат шугамаар Монголын хоёр, Хятадын нэг иргэнийг солилцсон. Дахиад хоёр монгол эмэгтэйн хүсэлтийг БНХАУ зөвшөөрсөн ч торгуулиа төлж, хохирол барагдуулаагүй гээд шилжүүлэхгүй байна. Торгуулиа төлчихвөл хүмүүсээ нааш нь авч болно гэдгийг бид ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Цаана нь мөн 11 хүн манай яаманд хүсэлтээ ирүүлсэн ч гэрээ эцэслэн батлагдахыг хүлээж байна.
-Тухайн улсын оноосон ялыг манайх хөнгөлж болох уу. Манай хуульд байхгүй зүйл анги, ялаар шийтгэсэн байвал яах вэ?
-Хятадын талаас оноосон ялыг манай хуулийн заалтуудтай нийцүүлж ялыг үргэлжлүүлэн эдлүүлнэ. Гэхдээ тэнд байхдаа хэр сайн хүмүүжсэн зэргийг нь харгалзаад, ялтанд дотоодын хуулиар уучлал, өршөөл үзүүлж болно. Харин энэ тухайгаа нөгөө талд даруй мэдэгдэх үүрэгтэй. Тухайлбал, манайд шилжүүлсэн дээрх хоёр хүний ялыг нэг зүйл ангиар хөнгөлсөн байгаа. 2000-аад онд Хятад руу хууль бусаар ангийн арьс хил давуулах гэмт хэрэг нэлээд гарсан. Тийм хэргээр бүх насаараа хорих ял авсан хүн ч БНХАУ-д бий. Сүүлийн үед бол хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хүний тоо нэмэгдсэн.
Л.ЧИМЭГ