“Материал импэкс”-ийн гаалийн хяналтын талбайд Японоос авчирсан цацраг идэвхт бодистой автомашинууд байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн. Энэхүү мэдээллийнхээ мөрөөр эргэн сурвалжилж Цөмийн энергийн газрын Цөмийн хянал тын хэлтсийн дарга Д.Шадраабалтай уулзлаа.
-Машинууд цацраг идэвхт бодисоор бохирдсоныг хэзээ илрүүлсэн бэ?
-ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд өнгөрсөн сарын 25-наас шалгалт хийсэн. Японоос импортолсон машин, сэлбэг хэрэгсэлд хийсэн шалгалтын явцад зарим машинаас цацрагийн бохирдол илэрсэн. Тийм машинуудыг түр саатуулаад байгаа.
-Яг хэдэн машинаас илэрсэн юм бэ?
-Одоогийн байдлаар нийт 1321 машин шалгаад байна. Үүний наймд нь цацрагийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин их байв.
-Зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь хэд юм бол?
-Байгалийн фон нь 0.2 мкЗв/ц гэсэн хэмжигдэхүүнтэй байх ёстой.
-Тэр машинууд байгаль орчин, хүний биед ямар сөрөг нөлөө учруулж болох вэ?
-Мэргэжлийн байгууллага цацраг идэвхт бодисыг нь тусгай бодисоор арилгаж байгаа. Энэхүү цэвэрлэгээг ОБЕГ-ынхан хийж, зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх учраас санаа зовох зүйлгүй. Тиймээс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй.
-Яагаад энэ айхтар зүйл Монголд ороод ирэв ээ?
-Японд болсон гамшгийн үеэр газар шороо ихээр хөндөгдсөн нь ойлгомжтой. Тэрхүү цацраг идэвхт бодистой шавар, шороо, ус нь машин болоод эргэн тойрныхоо биетүүдэд наалдсан. Тэгээд л бидний хамгийн ихээр тус улсаас зөөвөрлөдөг суудлын тэргэнд наалдан орж иржээ гэсэн үг.
-Гаалийн хэдэн бүсэд ийм шалгалт хийж байгаа вэ. Цацраг идэвхт бодис тээсэн машины тоо нэмэгдэх юм биш биз?
-Гаалийн хяналтын 11 бүс бий. Эдгээрээс дөрөвт нь Японоос явуулсан тэрэг буулгадаг. Бүс бүрт хоёр байцаагч ээлжээр ажиллаж байна.
-Цацрагийн бохирдолтой машинуудыг хэзээ эздэд нь өгөх вэ?
-Үүний хариултыг ОБЕГ-ынхан хэлнэ. Цэвэрлэгээ хийж дуусаад л өгнө шүү дээ. Машинуудыг хэзээ аюулгүй болгож дуусахыг ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга, комиссар С.Цогтбаатараас асуухад “Бидэнд тэр талаар мэдээлэл ирээгүй. Тийм машин гааль дээр авчирсныг танай сониноос л уншсан. Цөмийн энергийн газар болон гаалийнхан бидэнд машинуудын цацрагийн бохирдлыг цэвэрлүүлэх хүсэлт тавиагүй” гэлээ.
О.НАМЧИН