Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, төрийн нууц задруулсан хэргээр ял шийтгүүлээд байгаа АТГын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. Тэднийг гомдол гаргах үед Дээд шүүхийн шүүгчид амарсан байжээ.
Одоо тэдний хавтаст хэрэгтэй Эрүүгийн танхимын шүүгч нар танилцаж эхэлсэн байна. Бидний авсан мэдээллээр тус шүүхийн шүүгч С.Нямжав шүүх бүрэлдэхүүнд хэргийг танилцуулж, илтгэгч шүүгчээр оролцохоор болж буй аж. Гэвч тэрбээр гадагшаа сургалтад явсан учраас хавтаст хэрэгтэй хараахан гүйцэд танилцаж амжаагүй байгаа гэнэ. Тиймээс ирэх сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эх хүртэл шүүх хурлын товыг зарлахгүй гэж эх сурвалжууд мэдээллээ.