Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, түүхий эд, самрыг хил гаалийн ажилтнууд хуйвалдан хилээр гаргах явдал цөөнгүй гардаг. Тэднийг нь тагнуул, эрүүгийн цагдаагийн ажилтнууд илрүүлдэг ч шийдвэрлэгдтэлээ уддаг билээ. Шүүх, прокурорын байгууллагад хэргийн оролцогч нар ямар нэгэн байдлаар саад учруулснаас шийдэгдэхгүй хойшилдог. Ийм нэгэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцэх байсан ч хойшиллоо.
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0166 дугаар ангийн Хилийн тагнуулын албаны дарга О.Цогтбаатар, Шивээх үрэнгийн гаалийн хорооны гаалийн улсын ахлах байцаагч Ч.Болд нар улсын хилээр гаргахыг хориглосон, хуш модны их хэмжээний цайруулсан самар гаргах гэж байгаад баригдсан юм байна. Хавтаст хэрэгт цугласан баримтаар самрын ченж Г.Батсайхан, Ё.Довчинсүрэн нарын цуглуулсан самрыг дээрх хүмүүс хил давуулж өгдөг бололтой. Өнгөрсөн онд тэд баригдахдаа самрын 15 орчим тонн чөмөг хилээр гаргах гэж байсан аж.
Улмаар уг самрыг тээвэрлэж явсан Г.Мягмарсүрэнд бурууг тохохыг оролджээ. Уг нь шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гэрчээр хилийн цэргийн 0166 дугаар ангийн байлдагч Ж.Мөнхсугар, хилийн тагнуулын ажилтан О.Баярлхагва нарыг оролцуулахаар дуудсан байж. Гэвч өнгөрс өн даваа гаригт товлосон байсан хурлын үеэр шүүгдэгч нар шаардлагатай гэрч нарыг Өмнөговиос авчирч хуралд оролцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулсан байна.
Г.РАВЖАА