Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт аж ахуйн нэгж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол ихээхэн хэмжээгээр бохирдоод байгаа. Байгаль орчинд ноцтой хохирол учруулж, гол мөрөн бохирдуулж буй аж ахуйн нэгжүүд, иргэдийг албадан гаргах ажиллагааг энэ сарын 13-15-нд Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны мэргэжилтнүүд болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгулсан Ажлын хэсэг Улаанбаатар хотоос очиж, орон нутгийн Ажлын хэсгийнхэнтэй хамтран зохион байгуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Цэнхэр сумын Орхон багт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн эздэд УМБГ-ын Байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” ХХК-ийнхан дээрх багийн нутаг дахь ашиглалтын талбайгаас алт олборлохоо 2008 онд больсон байна. Гэвч тэд нөхөн сэргээлт хийлгэх нэрийн дор 50 гаруй жижиг аж ахуйн нэгжид талбайгаа худалдаж, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн гэнэ. Тэдгээр компанийн дунд УИХ-ын зарим гишүүний аж ахуйн нэгж бий аж.
Хамгийн сүүлд бидэнд олдсон мэдээллээр энэ хэрэгт холбогдуулж УМБГ-аас “Монгол газар”-ын Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Бямба нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэдийгээр “Алтан дорнод Монгол” ХХК-ийг ОХУ-ын иргэн С.В.Паушокоос салгаж, монголчууд эзэмшилдээ аваад буй ч хуулийн байгууллагынхнаас холдох болоогүй бололтой. Мөн дээрх хоёр компанийг болон бусад жижиг аж ахуйн нэгжүүдийг хууль бусаар ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгсөн Цэнхэр сумын удирдлагуудад хариуцлага тооцохыг өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас холбогдох яам, аймаг, газрын дарга нарт үүрэг болгожээ.
Харин хуулийн байгууллагаас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хүмүүсийг албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгахаар болж байгаа гэнэ.
Г.Орчлон