Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн долоо хоногт 13 хүн амиа алджээ. Энэ сарын 11-18-ны хооронд гарсан ослын дийлэнх нь орон нутгийн замд, жолоочийн хариуцлагагүй байдал, хурд хэтрүүлснээс болсон байна. Тухайлбал, 11-ний 01.00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Хар хошууны хойд талд “Тоёота Витз” маркийн 56-61 УБЧ дугаартай машины жолооч Б 30 орчим насны эрэгтэйг дайрч амийг нь хохироожээ.
Мөн 12-ны 11.20 цагийн үед Дархан-Уулаас Орхон явах замд, Хөшөөтийн даваа гэдэг газарт “Тоёота Марк-2” 01-12 УБИ дугаартай машин онхолдож, зорчигч Ц нас баржээ. Уг газарт энэ сарын 16- нд мөн осол гарч “Верна Аксент” “Марк-2”-той мөргөлдөж, 70 настай эмэгтэй амиа алдсан байна.
Харин өнгөрсөн ням гаригийн 15.00 цагийн үед Дундговь аймгийн төвөөс хойш 18 км-т “Ланд Круйзер” маркийн автомашин онхолдож, жолооч 50 орчим насны эрэгтэй нас баржээ. Тухайн өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Ланд Круйзер”-ийн жолооч ухрах үедээ нэг ойтой хүүхэд дайрч хөнөөсөн байна.
Г.РАВЖАА