Английн шүүх Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлсэн. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2004 онд УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Дамирангийн Энхбатыг сэжигт нээр татан Франц, Бельги, Германы хил дамнуулан хулгайлан авчирсан нь амь насаа алдахад хүргэсэн гэж талийгаачийн ар гэрийнхэн үздэг юм.
Д.Энхбат агсны хүү Э.Золбоо, Э.Золбообаяр нар өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасан аж. Өргөдөлдөө “Б.Хурц нь Их Британи улсад саатуулагдан хоригдож байгаад, тус улсын шүүхийн шударга шийдвэрээр ХБНГУ-д шилжүүлэгдсэн нь энэ хэргийн гол буруутан эзэд нь илрэх, цаашлаад бидний аав Д.Энхбат агсны нэр төр сэргээгдэн цагаатгагдах боломж ирлээ гэдэгт бид маш их итгэлтэй байна.
Батын Хурц нь үүрэг гүйцэтгэж байх үедээ аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан юм. Энэ хэрэг хоёр улсын хоорондын тохиролцоо болон замхрахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улсын эрх баригчдын зүгээс явуулж буй бодлогод бид туйлын гомдолтой байна. Сэжигтэн Б.Хурцаас хэн бидний эцгийг хэлмэгдүүлэх тушаал өгснийг тодруулан, дэлхий нийтэд зарлана гэдэгт найдаж байгаагаа уламжилъя. Монгол Улсын эрх баригчдад илгээсэн гомдол нэхсэн өргөдлийг хавсаргав" гэжээ.
Х.ОЮУН