Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд айлын хоттой хонийг шөнө дөлөөр тууж нядалсан хэрэг хоёр ч удаа гарчээ. Тус сумын Баянзүрх багийн иргэн Б-ынхныг унтаж байхад нь малын хулгайч нар хонийг нь тууж Борбулаг гэх газарт аваачин 10 гаруй хонийг нь нядлан ачиж явсан байж. Уг хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг тус сумын хэсгийн төлөөлөгч болон аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран эрэн сурвалжилж байгаа ч олдоогүй байгаа гэнэ.
Уг хэргээс өмнө тус сумын Хэнтий багийн малчин Б-г эзгүйд машинтай хүмүүс хоттой хонийг нь тууж нядалж байжээ. Гэрийн эзэгтэй гэмт этгээдүүдийг хоттой хонийг нь тууж явсныг мэдэж сумын төв рүү хүүхдээ эргэхээр явсан нөхрийгөө дуудсан байна. Гэрийн эзэн шөнө ирээд хулгайч нарын хойноос явснаар нэлээд хэдэн хонь нядалж зугтах гэж байхад нь олсон гэнэ. Сэжигтэн хоёр залууг аймгийн Цагдаагийн газарт аваачиж мөрдөн байцаалт явуулж байгаа аж.