Байр орон сууцаа барьцаанд тавьж луйвардуулсан хүн цөөнгүй байдаг. Энэ ажилд ДарханУул аймгийн хуучнаар Эд хөрөнгийн бүртгэлийн албаны ажилтан оролцож, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байх юм. Тус албаны бүртгэгчээс нь эхлээд даргаар нь хүртэл ажиллаж байсан О.Амартуяа нь 2008 оны нэгдүгээр сарын 7-нд иргэн М.Ариунзаяагийн өмчлөлд байдаг Дархан-Уул аймгийн Дархан сумын XV баг, нэгдүгээр хорооллын 12 дугаар байрны 32 тоот хоёр өрөө орон сууцыг М.Ариунзаяагаас бэлэглэлийн гэрээгээр шилж үүлэн авч байгаа мэтээр хуурамч гэрээ үйлдэж, уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авчээ. Улмаар түүнийгээ 2008 оны нэгдүгээр сарын 14-нд Худалдаа хөгжлийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарт 30 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна.
Энэ тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “2008 оны нэгдүгээр сард М.Ариунзаяагийн байрыг түүнтэй ярилцаж тохироод 30 сая төгрөгийн барьцаанд тавихаар болсон. Тэгээд гэрээгээ нотариатаар батлуулах гээд нотариатч Алтанцэцэг эгч дээр очиход байгаагүй, туслах Онон нь байсан. Тэгээд туслах Онон нь Алтанцэцэг эгч рүү утсаар яриад дараа нь гэрээг баталж өгсөн. Ингээд улсын бүртгэгч Хишгээд нотлох баримтуудаа бүрдүүлж өгч Ариунзаяагийн байрны ордерийг өөрийнхөө нэр дээр болгуулсан. Үүнд Хишгээгийн буруу байхгүй. Банкнаас авсан 30 сая төгрөгөөс найман саяыг М.Ариунзаяад өгч, үлдсэн 22 сая төгрөгийг өөрөө хэрэглэсэн. Гэрчилгээг эзэнд нь мэдэгдэхгүй барьцаанд тавих боломжгүй, хэрэв гэрчилгээг үндэслээд зээл авчихдаг бол би заавал тэгэх хэрэг байгаагүй” гэж тайлбарласан байна.
Харин хохирогч М.Ариунзаяа “Би 2009 оны нэгдүгээр сард “Зоос” банкнаас өр нэхэгдээд байхаар нь Төмөрбаатар ахаараа зээлээ төлүүлээд ахдаа бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлж бүртгүүлсэн. Ингээд ах маань охиноо Япон явуулахаар гэрчилгээгээ зуучлалын байгууллагад хөрөнгийн баталгаа болгож тавьсан. Зуучлалын байгууллага нь баталгаа болж чадах эсэх талаар лавлагаа авах гэж 2009 оны арванхоёрдугаар сард Эд хөрөнгийн бүртгэлийн албанд хандтал өөр хүний нэр дээр бүртгэлтэй болсныг мэдсэн. Тэр үед Эд хөрөнгийн бүртгэлийн албаны бүртгэгч Цэндсүрэн, Хишгээ нар “Наад байрыг чинь Амартуяа бэлэглэлийн гэрээгээр аваад зээл авчихсан шүү дээ” гэж хэлсэн. Манай байр 2007 оноос 2009 хүртэл “Зоос” банкны барьцаанд байсан. Гэтэл Амартуяа өөрийн нэр дээр манай байрыг шилжүүлж 2008 оны нэгдүгээр сард 30 сая төгрөгийн зээл авсан байсан” гэв.
Гэрч Б.Хишгээ “Амартуяа 2008 онд Ариунзаяагийн байрыг өөрийнхөө нэр дээр шилж үүлж байна, би авч байгаа болохоор өөрөө бичиж болохгүй байна гээд надад гэрээ, бичиг баримтаа өгөхөөр нь өөрийнхөө эрх, үүргийн дагуу гэрчилгээ бичиж өгсөн. Тухайн үед Ариунзаяа байгааг үй. Ер нь бүртгэл хийлгэхэд хоёр тал биш, аль нэг тал нь байхад бүртгэх боломжтой. Ариунзаяа нь гэрээн дээр гарын үсэг зурсан байсан. Би барьцааны гэрээний бүртгэлийг хийгээгүй.
Дараа нь тэр байрны хувийн хэргийг нь цэгцэлж байхад хуучин хүчингүй болсон гэрчилгээ байхгүй байсан” гэжээ. О.Амартуяа гэмт хэргээ нуун далдалж, М.Ариунзаяа нарт мэдэгдэхгүйн тулд 2009 оны нэгдүгээр сарын 26-нд М.Ариунзаяагийн ах М.Төмөрбаатарын нэр дээр уг орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэлцлийг хуурамчаар бүртгэж, М.Төмөрбаатарын нэр дээр 000064728 дугаартай гэрчилгээг хууль бусаар олгож, энэ талаар уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд холбогдох бүртгэлийг хийлгүйгээр төөр өгдүүлж байсан аж. О.Амартуяа уг хэргээс гадна хуурамч гэрчилгээ гаргаж өгч, бусдыг залилан мэхлэх хэрэгт хамтран оролцсон нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байна.
Б.Алтанцэцэг, Б.Нармандах нар иргэн З.Бадмаанямбуу, С.Баяраа, Б.Нармандах нарын хамтран өмчилдөг гурван өрөө орон сууцыг 2009 оны зургадугаар 17-нд 22.5 сая төгрөгөөр иргэн Ш.Ундармаад худалдахаар тохиролцсон байна. Гэвч уг байрны үндсэн гэрчилгээ нь Худалдаа хөгжлийн банкинд орон сууцны зээлийн барьцаанд байжээ. Гэтэл тэд ДарханУул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэгчээр ажиллаж байсан О.Амартуяатай ярилцаж, үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээг бичүүлэн Ш.Ундармаад өгсөн байна. Энэ тухайгаа шүүгдэгч Б.Алтанцэцэг “Нармандах тэр үед их өр ширтэй байсан, байр нь зарагдахгүй байсан болохоор найздаа тусалсан. Тухайн үед Нармандах Ундармаад хоёр сая төгрөгийн өртэй байсан. Тэр үед би ойлгохдоо ордер нь олдохгүй байгаа юм байна гэж ойлгосон.
Мөн тэр үед байрны лизинг зогсчихсон, байрны үнэ уначихсан байсан. Ордероо зарлуулаад зар өгсөн бол хугацаа алдах гээд байсан. Тиймээс О.Амартуяа эгч дээр орж “Манай найз байраа зарах гэсэн чинь ордероо олохгүй байна” гэж хэлээд дахин гэрчилгээ авч өгсөн” гэжээ. Харин О.Амартуяа “Ундармаагийн байрны гэрчилгээ нь олдохгүй байна, яаралтай зарахгүй болохгүй байна гээд байхаар нь гэрчилгээ бичиж өгсөн. Гэхдээ энэ гэрчилгээ хуурамч гэрчилгээ бишээ, харин давхардуулж бичиж өгсөн гэрчилгээ” гэв. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээс О.Амартуяаг бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан, Б.Алтанцэцэг, Б.Нармандах нар бүлэглэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар О.Амартуяагаас хоёр зуун мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил зургаан сарын хорих ял оноожээ. Харин Б.Алтанцэцэгт дөрвөн жил зургаан сар, Б.Нармандахад дөрвөн жил хорих ял оноосон байна. Б.Алтанцэцэг, Б.Нармандах нарыг 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, дээрх ялыг нь өршөөн хэлтрүүлжээ.
Г.РАВЖАА