Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлагч Б.Хурцыг Германы талд шилжүүлээд 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Болороор ахлуулсан Ажлын хэсэг юу амжуулж байгааг сонирхлоо.
-Монгол Улс төрийн өндөр албан тушаалтнаа эх орондоо авчрах талаар уйгагүй ажилласан боловч шийдвэр нөгөө талд гарсан. Ажлын хэсэг хангалттай нотлох баримт бүрдүүлж чадаагүй гэх нь бий. Харин энэ удаа хэр зэрэг материал, баримт цуглуулж байна вэ?
-Тийм материал баримт цуглуулсан, ингэж ажиллаж байна гээд хэвлэлээр зарлах цаг нь биш. Засгийн газраас томилсон Ажлын хэсэг жил гаруй ажилласан. Бид Английн шүүхээс хүссэн шийдвэрээ сонсоогүй ч үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажлын хэсэгт өөрчлөлт орсон. Эрүүгийн талаар мэргэшсэн туршлагатай хүмүүс нэмэгдсэн.
-Өнгөрсөн сарын 19-нд Б.Хурцыг Германы талд шилжүүлсэн. Сар болоогүй байхад шүүх хурлын тов гарсан сурагтай. Ийм бага хугацаанд хэрэгтэй танилцаж амжсан юм болов уу?
-Германы шүүх шуурхай ажилладаг юм байна. Английн шүүх хэт хүнд сурталтай байсныг бид харсан. Шүүх хурлыг долоон удаа хойшлуулсан.
-Б.Хурц өмгөөлөгчтэйгээ байгуулсан гэрээндээ гарын үсэг зураагүй, сонгосон өмгөөлөгч нараас татгалзсан гэх мэдээлэл байна. Өмгөөлөгчийг нь хэн сонгосон юм бэ?
-Манай улс Берлинд өөрийн Элчин сайдын яамтай. Тиймээс ЭСЯ-аараа дамжуулан судалгаа хийсний үр дүнд хоёр өмгөөлөгч сонгосон. Харин Б.Хурц гэрээндээ гарын үсэг зураагүй байгаа ч өмгөөлөгч нараасаа татгалзаагүй.
-Шүүх хурал яг хэзээ болох юм бол. Нээлттэй болно гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт ирсэн гэсэн үү?
-Өмнө нь шүүх хурал хаалттай болж байгаагүй. Шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргаад ажиглагчаар оролцох боломжтой байдаг юм. ХБНГУ-ын шүүхээс шүүх хурал нээлттэй болно гэсэн мэдээлэл ирүүлсэн. Ирэх сарын сүүлчийн долоо хоногт шүүх хурал болно гэж өмгөөлөгч нар хэлсэн. Зарласан цагтаа болох байх.
-Б.Хурцыг Англид байхад эхнэр, хүүхэд нь тэнд байсан. Тэд одоо Берлинд байгаа юу. Түүнээс гадна Б.Хурцыг жил гаруй саатууллаа. Эрүүл мэнд, биеийн байдал нь ямар байгаа бол?
-Эхнэр, хүүхэд нь Монголд ирсэн. Бид иргэнийхээ эрүүл мэндэд анхаарч, байнга асууж, холбоотой байгаа. Мэдээж сайн сайхан байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ биеийн байдал нь гайгүй.
Х.ОЮУНСҮРЭН